Туркт ирж буй орос жуулчдын тоо 2014 оны түвшинд эргээд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-07-26 12:13:30
АНТАЛЬЯ./Anadolu/. Оросоос Турк руу ирж буй жуулчдын урсгал бараг 2014 оны түвшиндээ хүрлээ гэж Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Антальи Давут Четин мэдэгдлээ.

Турк рүү аялах эрхийн бичгийн эрэлт энэ хэвээр өсөх аваас оны эцэс хүртэлх хугацаанд Турк улсад Оросоос 9 сая гаруй жуулчин ирэхээр байна. Гэсэн хэдий ч одоо тогтоод байгаа үнэ нь аялал жуулчлалын салбарын орлогыг хүссэн хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжийг олгохгүй байна гэж А.Четин хэлэв.

Аялал жуулчлалын хөгжлийн хурд хүлээлтээс давсан, мөн Туркийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ Оросын зах зээл дээр борлуулахын тулд ихээхэн хүчин чармайлт тавьж байгааг тэрбээр онцлон дурджээ. Оросын сэтгүүлчдийг Туркт урих болсон, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Орост болдог үзэсгэлэнгүүдэд оролцож, Оросын мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзах болсон байна.

А.Четиний үзэж байгаагаар, зар сурталчилгаа нь оросуудын хувьд Туркт амрах шийдвэр гаргахад нь ихээхэн нөлөөлж байгаа аж. Үүний зэрэгцээ 6 дугаар сард Германаас ирж буй жуулчдын тоо буурсан болохыг тэрбээр дурджээ. Сүүлийн өдрүүдэд хоёр орны харилцаанд үүссэн асуудал цаашдаа даамжрахгүй хэмээн найдаж байгаагаа А.Четин илэрхийллээ.
Х.Сарнай 


 
Холбоотой мэдээ