МЕРКОСУР-ын орнууд Венесуэлийн эсрэг хориг тавихаар төлөвлөөгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-26 14:58:28
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Өмнөд Америкийн нийтийн зах зээлийн орнууд /МЕРКОСУР/ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг авч хэлэлцээгүй байгаа гэж Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Фори “Infobae” онлайн сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Одоогийн байдлаар бид хорих тавих бодлогыг бус харин  хатуу чанд байх бодлогыг барьж байгаа. Венесуэль бол ардчилсан улс биш гэдгийг бид хэлж байгаа. Гэхдээ хоригоор асуудлыг шийдэхгүй” гэж Х.Фоби хэлжээ. Түүний хэлснээр, МЕРКОСУР-ын нэг ч орон Каракасын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах санал тавиагүй аж.

“Одоо хориг арга хэмжээ авах нь Венесуэлийн ард түмэнд сөргөөр нөлөөлж магадгүй, бид Венесуэлийн ард түмэнд хор хохирол учруулахгүй байхыг хүсч байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ "хэрвээ Венесуэлийн эрх баригчид Үндсэн хуулийн Ассамблейг зарлан хуралдуулах юм бол АНУ тус улсын эсрэг эдийн засгийн эрс шийдэмгий арга хэмжээ авах болно" гэсэн юм. Аргентин болон Бразил улс "Венесуэлийн Үндсэн хуулийг өөрчилж, төрийн удирдлагын тогтолцоог шинэчилж магадгүй байгаа Үндсэн хуулийн Ассамблейг  зарлан хуралдуулахаас татгалзах"-ыг Венесуэлийн эрх баригчдад уриалжээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ