Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-28 10:56:23
ТОКИО./TASS/. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада баасан гарагт огцорч байгаагаа  мэдэгдлээ. “Үүссэн нөхцөл байдлын төлөөх хариуцлагыг өөртөө хүлээхийн тулд би албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” хэмээн Т.Инада Токиод болсон хэвлэлийн хурал дээр онцлон хэлжээ.

Т.Инада Японы энхийг сахиулагчдын Өмнөд Судан дахь үйл ажиллагааны талаарх тайланг тойрсон дуулианд холбогдоод байсан юм. Эхэндээ уг баримт бичгийг устгасан гэж үзэж байсан боловч сүүлд нь түүнийг олсон ба Батлан хамгаалах яам  нууж байсан нь тодорхой болжээ.

Т.Инада огцорч байгаагаа мэдэгдсэний дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ түүний хүсэлтийг хүлээн авснаа мэдэгджээ. “Засгийн газрын нэг гишүүн огцроход хүрч байгаад би Японы ард түмнээс уучлал гуйж байна” хэмээн Ш.Абэ хэлсэн байна. Мөн тэрбээр "Засгийн газар улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно" гэж амлажээ.

Т.Инада огцорсны дараа Батлан хамгаалах яамыг Японы ГХ-ийн сайд Фүмио Кишида хавсран удирдах ба энэ нь тус улсын аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй гэж Ш.Абэ тайлбарлажээ.

8 дугаар сарын 3-нд Ерөнхий сайд Засгийн газартаа сэлгээ хийх гэж байгаа ба энэ нь сүүлийн хэдэн саруудад огцом унасан Сайд нарын танхимын нэр хүндийг сэргээх зорилготой аж. Чухам тэр үед Т.Инада албан тушаалаасаа огцорно гэж ажиглагчид таамаглаж байсан боловч тэрбээр үүнээс өмнө өөрийн саналаар огцорлоо.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ