Сүхбаатар аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-28 16:09:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жил,Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жил, Зүүн бүсийн хурд-2017, аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Аймаг сумын түүхт ойн баяр наадмыг зорин газар газраас зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн иржээ. Мөн хөрш зэргэлдээх аймгуудын удирдлагууд тусгайлан ирж баярын арга хэмжээнд оролцож байна.

 “Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Манай баг хамт олон, наадмын комиссынхон маань үнэхээр их анхаарч, хичээж ажиллалаа. Бид энэ жил наадмаа угтаж олон шинэлэг ажил, арга хэжээнүүдийг зохион байгуулсан. Жишээлбэл: Дээлтэй монгол наадмыг анх удаа зохион байгууллаа. Мөн мартагдаж буй өв уламжлалаа сэргээх зорилгоор ард иргэдийн гар дээрх үнэт өвөөр үзэсгэлэн гаргалаа, МУСТА зураач Ё. Бадарч гуай "Мартагдашгүй" нэртэй өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа, морь барианы газартайгаа нэг дор наадмын талбайгаа барьж наадамчидаа тав тухтай, чирэгдэлгүй наадуулах тал дээр анхаарлаа. Эрлийз морь монгол морьдыг тусад нь уралдуулсанаар уралдаан маань шударга сайхан болж байна гээд дурьдаад байвал олон зүйл бий. Төрийн ажлын тухайд гэвэл бид аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөблөрт тусгагдсан томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэн, заримыг нь эхлүүлээд байна. 75 жилийн түүхтэй энэ айлын өнгө зүсийг бид гундаах учиргүй. Цаашид мэдээж аймаг орон нутгийнхаа хөгжлийг шинэ түвшинд гаргах, ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх, ажилтай орлоготой болгох тал дээр анхаарч ажиллах болно. Энэ бол ирэх дөрвөн жилд хийх ажлын маань гол чиглэл. Үүнийхээ ч дагуу ажиллана. Ингээд аймгийнхаа баяр наадмыг зорин ирсэн ард иргэд, ирж чадаагүй ч цэнхэр дэлгэц, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээх нутаг орныхоо талаар мэдээ мэдээллийг авч байгаа нийт иргэддээ баяр наадмын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье...” хэмээн аймгийн засаг дарга З. Энхтөр хэллээ.

Аймгийн баяр наадамд зориулан тусгайлан зассан талбайд нутгийн нэрт жанжин Д.Сүхбаатар, Егүзэр хутагт Ж.Галсандаш нарын түүхэн хүмүүс болон Дарьганга тэмээн хөсөг, бүх сумд агентлагийн төлөөллүүд баярын жагсаалаар орж ирэн нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлсэнээр аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм. шандаст хурдан хүлгүүд нь тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, эр бярт бөхчүүд нь ид хаваа гайхуулан барилдаж наадамчдыг баясгасаар байна.

Аймгийн баяр наадам зохион байгуулалт, дэг сайтай болж байгааг наадамчин олон онцолж байлаа.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ