ОХУ-ын хийж буй алхмуудтай холбоотойгоор АНУ эсэргүүцэл илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-29 12:57:44
ВАШИНГТОН./TASS/. Орост үйл ажиллагаа явуулж буй Америкийн дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдгээрийн объектуудтай холбоотой хариу арга хэмжээ авна гэж ОХУ зарласантай холбоотойгоор Вашингтон Москвад эсэргүүцэл илэрхийллээ. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт ТАСС-д мэдээлжээ.

“Бид ихээр харамсч байгаагаа мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой ярилцсан, бас элчин сайд Жон Теффт ГХЯ-ны дэд сайд С.Рябковтой уулзсан” гэж Х.Науэрт ярьжээ.

“Төрийн нарийн бичгийн дарга иймэрхүү үйлдлүүд нь манай хоёр орны харилцааг сэргээхэд дэмжлэг болохгүй гэдгийг ойлгомжтой хэлсэн. Харилцаагаа урагшлуулахын тулд бид хоёр улсын харилцаанд буй зарим маргаантай зүйлүүдийг арилгах аргууд дээр ажиллаж байна” хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй Төрийн департаментын төлөөлөгч онцлон дурджээ.

Баасан гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийсэн ба уг мэдэгдэлд Орос улс Америкийн Оросын эсрэг тавьж буй шинэ хоригийн хариуд ОХУ-д буй Америкийн дипломатчдын тоог 455 хүртэл багасгаж, 8 дугаар сарын 1-нээс эхлэн "Серебряный бор"-т байдаг элчин сайдын яамны зуслан руу орохыг хориглох тухайгаа мэдэгдсэн юм.
О.Барс
Холбоотой мэдээ