АНУ, Япон хоёр Солонгосын хойгийн орчимд хамтарсан хээрийн сургууль хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-30 12:00:36
ТОКИО./TASS/. Умард Солонгос баллистик пуужин ээлжит удаагаа туршсантай холбоотойгоор Японы өөрийгөө хамгаалах хүчний хоёр “F-2” сөнөөгч нисэх онгоц, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр “В-1” стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц оролцсон хамтарсан хээрийн сургуулийг ням гарагт хийжээ. Энэ тухай сэтгүүлчдэд Японы ГХ-ийн сайд Фумио Кисида мэдээллээ.

Тус хээрийн сургууль Солонгосын хойг, Японы баруун Кюшю арлын хооронд явагдсан байна.

“Ням гарагийн үдээс өмнө Япон АНУ-ын нисэх онгоцууд оролцсон хамтарсан цэргийн хээрийн сургууль хийлээ. Аюулгүй байдлын нөхцөл байдал муудсан, Умард Солонгос ээлжит удаагаа пуужин харвасантай холбоотой бид АНУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа цаашид нэмэгдүүлнэ” хэмээн сайд мэдэгджээ.

Умард Солонгосын дээрх пуужин нь 7 дугаар сарын 4-нд харвасан пуужинтай харьцуулахад нислэгийн өндөр нь бараг 1000 км-ээр нэмэгдсэн төдийгүй агаарт нисэх хугацаа нь таван минутаар уртассан гэж Японы Батлан хамгаалах яам тэмдэглэжээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Умард Солонгосын пуужин 681 км-ийн өндөрт хүрч 732 км зайг туулж, Япон тэнгисийн төв хэсэгт унасан ажээ. Ийм үзүүлэлт нь дунд тусгалын баллистик пуужинд тохирч байгаа гэнэ.
О.Барс
Холбоотой мэдээ