Зуслангийн бүс дэх тарвагануудыг Сүүж ууланд нутагшуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-07-31 10:02:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн байгаль орчны газар (НБОГ)-аас тоо толгой нь цөөрч, устах аюулд хүрээд байгаа тарвагыг нийслэлийн зуслангийн бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлын хоёрдугаар үе шатыг эхлүүлээд байна.

Энэ оны тавдугаар сард эхэлсэн уг ажлын эхний шатанд Шарга морьт, Хуурайн мухарын зуслангаас 52 тарвага нүүлгэн шилжүүлсэн байна. Хоёр дахь үе шатыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 27-ноос ирэх сарын 02-ныг дуустал үргэлжлэх “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох хүүхдүүдийн отог байрлах газрыг чөлөөлж, 21 тарвагыг барин Шархадны амны Сүүж ууланд нутагшуулсан байна.

Тус ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд НБОГ-аас шинэ нутагтаа хэрхэн дасаж  байгаад хяналт тавьж, байнгын хамгаалалтанд байлгах юм.

Суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устах болон тарваган тахал өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд томоохон түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ