Монгол Улс, БНСУ-тай дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМанай улс БНСУ-тай төмөр зам, дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтран ажиллахаар болов.
Өнөөдөр БНСУ-ын Үндэсний төмөр замуудын сүлжээ “KORAIL” корпорацийн ерөнхийлөгч Чой Ёон Хей, “УБТЗ” Хувь нийлүүлэх нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эл санамж бичгийг байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээл болох БНСУ, Японд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан тодотгов.
Мөн үеэр УБТЗ ХНН-ээс эдийн засаг хумигдаж буй энэ үед гуравдагч зах зээлийг бий болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Тус нийгэмлэг он гарсаар БНАСАУ-ын Ражин боомтоор дамжин далайд гарцтай болох ажлыг эхлүүлжээ. Ингэснээр зэсийн баяжмал, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээ зөвхөн БНХАУ гэсэн ганц зах зээлд бус олон улсын хэрэглэгчдэд хүргэх боломжтой хэмээн албаныхан тодотгов.
Энэ оны эхний 9 сарын байдлаар манай улс төмөр замын тээврээр 14 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2 сая 165 мянган зорчигч тээвэрлэжээ. Нийт ачаа, тээвэрлэлтийн 47.6 хувийг дотоодын ачаа тээвэрлэлт эзэлж буй бөгөөд экспортынх 29.1 хувь, импортынх 12.2 хувь, дамжин өнгөрсөн ачаа 11.2 хувийг эзэлж байна. Харин төмөр замын орлогын хувьд эхний 9 сард 283.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 26.6 тэрбум буюу 8.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Ачаа тээвэрлэлт өмнөх оноос 2.8 пунктээр буурахад цементийн тээвэрлэлт 419.1 мяган тонн буюу 32.5 хувиар буурсан хэмээн “УБТЗ” Хувь нийлүүлэх нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар онцлов.
Б.Заяа