НҮБ-ын Хүүхдийн сангийн буцалтгүй тусламжаар таван цэцэрлэгийг засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-08 17:48:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” хөтөлбөр хэрэгжихээр боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Т.Баясах НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзавв.
Уулзалтын үеэр нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүрэгт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсондоо баяртайгаа буйгаа төлөөлөгч нар хэлж байв. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрхийн таван цэцэрлэгийг бүрэн засварлахаар боллоо. Тодруулбал, дүүргийн 9,1,20,15,18 дугаар хороонд байрлах 3,22,63,122,129 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” сангийн буцалтгүй тусламжаар хийж, гүйцэтгэхээр болов.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 34 мянган хүүхэд байгаагийн 25 мянга буюу 73 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрах боломжтой байгаа юм. Иймд тус сангаас дүүргийн ЗДТГ-тай хамтран хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд бүхий л талаар туслахаа мэдэгдсэн. Түүнчлэн цэцэрлэгийн багш нарыг мэргэжлийн сургалтад үе шаттай хамруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ