ЕХ-ны гишүүн орнуудын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_tuul@montsame.mn
2015-11-05 19:27:57

Энэ сарын 4-6-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсад болж буй Ази, Европын уулзалт /АСЕМ/-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хуралдаанд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Европын комиссын Дэд ерөнхийлөгч бөгөөд Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч Федерика Могеринитэй уулзав.

Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад Европын Холбооны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд  манай улсын чухал “гуравдагч хөрш” болохын хувьд Монгол Улс Европын Холбоотой тогтоосон харилцаанд ихээхэн ач холбогдол өгч бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэж, Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг тус холбооны бүх гишүүн орнуудаар соёрхон батлуулахыг хурдавчлахад дэмжлэг үзүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулахад Европын Холбооны гишүүн орнуудын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэв.

Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Байнгын төвийг сахисан бодлого, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд зэрэг Монгол Улсын гадаад бодлогын санаачлага, үйл ажиллагааны талаар танилцуулж, Дэд ерөнхийлөгч Ф.Могеринитэй хоёр талын харилцан сонирхсон олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ