АТГ 45 хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-08-25 16:10:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авилгатай тэмцэх газраас /АТГ/ хагас жилийнхээ тайланг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мөн сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийх юм байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим системийн шинэчлэл, сайжруулалтыг хийж, төрийн бусад, байгууллагын мэдээллийн санг цахимаар солилцох болсноор авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шаардлагатай, уялдаа бүхий үнэн зөв мэдээллээр хангах, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны цаг хугацааг хэмнэжээ.

Байгууллагын хэмжээнд нийт 2584 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 205 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн 31,3 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 9,2 хувийг хэрэгсэхгүй болгох саналаар, 14,7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 8,6 хувийг өөр эрүүгийн хэрэгт, 15 хэргийг түдгэлзүүлж, одоо 45 хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, гүйцэтгэх ажил, Дэлхийн банкны жилийн санхүүгийн хөрөнгө, эх үүсвэрийг нэгтгэсэн санхүүгийн 2016 оны тайлан тэнцлийг цаг хугацаанд нь стандартын дагуу гаргасан бөгөөд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтээр зөрчилгүй дүгнэжээ.
М.Жавзмаа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ