МАН-ын бүлэг 65 гишүүнээ байлцуулан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-28 08:40:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, 65 гишүүнээ байлцуулан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар байр сууриа нэгтгэх болжээ. 

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу наймдугаар сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан юм. Тус бүлгийн нийт 30 гишүүний гарын үсэгтэй дээрх бичгийн үндэслэл нь “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг явуулсан. Нэг жил гаруйн хугацаанд явуулсан энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Мөн шийдвэр нь эргэж буцсан, хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй. Саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн өргөн барьсан гишүүд нь тайлбарлаж байгаа.



Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан тохиолдолд УИХ энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Нэн тэргүүнд УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байр сууриа нэгтгэн, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж санал дүгнэлтээ гарган, УИХ-ын чуулганаар мөн долоон хоногийн дотор байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах хуультай юм. 

Гэвч УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаа таарч байгаа тул Ээлжит бус чуулган зарлах хүртэл байнгын хороо болон нэгдсэн чуулган хуралдах боломжгүй юм. Харин намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж, санал дүгнэлтээ боловсруулж эхлээд байна. Тодруулбал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийж Засгийн газрыг огцруулах саналын талаар хэлэлцсэн. Тус бүлгийн зүгээс одоогоор байр сууриа илэрхийлээгүй ч асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулсан юм. 

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийж, 65 гишүүнээ байлцуулан Засгийн газрыг огцруулах эсэх болон намын дотоод асуудлаа хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Учир нь тус бүлгийн зарим гишүүд Засгийн газрыг огцруулахыг эсрэг байр суурьтай байгаа. Хуралдааны цаг одоогоор тодорхойгүй байна. 

Ээлжит бус чуулганы тухайд энэ долоо хоногт зарлах магадлалтай байна. Учир нь УИХ-ын 3-ны нэг буюу 26 болон түүнээс дээш гишүүн шаардсан тохиолдолд Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдаг. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан 30 гишүүн мөн Ээлжит бус чуулганыг зарлах шаардлагыг давхар тавьсан байгаа юм. 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ