Төлбөрөө төлсөн 200 гаруй оюутан Дотуур байранд орж чадахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-29 15:21:39
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төлбөрөө төлсөн 200 гаруй оюутнууд “Оюутны Өргөө” дотуур байранд орж чадахгүй 4-5 хонож байна. Оюутнуудын хэлж буйгаар “Оюутны-Өргөө” дотуур байранд орохын тулд үндсэн 850 мянган төгрөгийн төлбөр дээр нэмж 300 мянган төгрөгийн хахууль өгч ордог гэв.

ШУТИС-ийн оюутан н.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Байранд орохын тулд эхлээд “Өрөөнд орох гэрээ”-г оюутнуудтай байгуулдаг. Байрны багштай эхэлж уулзахад “Байранд орж болно, төлбөрт 850 мянган төгрөгийг дансанд тушаа” гэсэн. Мөнгө төлсний дараа байрны дарга бидэнд зөвшөөрлийн бичгийг өгсөн. Уг бичгээр байрны багш нартайгаа уулзахаар оруулах боломжгүй гэсэн хариу хэлээд байна. Ихэвчлэн өөртэй нь утсаар ярьсан хүмүүсийг л оруулж байна. Хахуулийн 300 мянган төгрөгийг өгсөн оюутнууд бол шууд орж байгаа” гэв. 

Эцэг эхчүүдийн зүгээс хэлэхдээ, “Байрныхаа хүрэлцээг тооцоололгүй 200 гаруй оюутнуудаас байрны төлбөр болох 850 мянган төгрөгийг авчихаад “Байранд орох боломжгүй” гэж байна. Бид байрны гадаа 4-5 хоног өглөөний 06.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл дугаарлаж байна.  Биднийг оруулахгүй гэх мөртлөө, өөрсдийн сонирхлоор өөр хүмүүсийг байранд оруулж байгаад гомдолтой байна” гэдгээ хэлж байв.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар тус дотуур байрны дарга н.Болормаагаас тодруулахад, “Бид хахуулиар хүүхэд оруулдаггүй. Манай дотуур байранд нийт 882 хүүхэд орох боломжтой. Өнөөдрийн байдлаар 160 гадаадын оюутнуудыг “Оюутны өргөө 1-2”-д оруулаад байрлуулсан. Одоогоор Оюутны өргөө-2 дотуур байранд оюутнууд ороод дүүрсэн учир хүүхдүүд нэмж авах боломжгүй. ШУТИС, ХААИС, Хүмүүнлэг, МУИС, БХИС, ХСИС зэрэг сургуулиудаас авах оюутнуудын квот хэтэрсэн учир авах боломжгүй. Эдгээр сургуулийн оюутнуудад мөнгийг нь эргүүлж олгоно” гэв.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ