МАН-ын бүлэг долоон цаг хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-29 22:01:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 15.10 цагт эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд хаалттай болж, хэлэлцэх асуудлаа дуусгаж, нэгдсэн шийдэлд хүрч амжилгүй 22.30 цагийн орчимд өндөрлөлөө.

Тус бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, сайд нар гээд нийт 50 орчим гишүүн оролцов. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж байгаа нь Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Ерөнхий сайдыг огцруулах эсэх юм. 

Бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гарын үсэг нэмж зурсан тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн. Ингэсэн тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдийн тоо 31 болох юм. 

Ингээд долоон цаг гаруй хугацаанд үргэлжилсэн ч хуралдаан тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөж, маргааш 10.00 цагаас үргэлжлэх боллоо. Мөн бүлгийн хуралдаан ийн удсантай холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж амжсангүй. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б. Чадраабал
Холбоотой мэдээ