Алдарт бөх Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай шилдэг бөх, Монгол бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 07-нд Бөхийн өргөөнд болно.
Энэхүү барилдаан нь Увс нутгаас төрсөн улсын цолтой бөхчүүдийн алдрыг хүндэтгэх ээлжит барилдааны 2015-2016 оны нээлт болох бөгөөд Увс нуур бөхийн дэвжээ, МҮБХ-той хамтран зохион байгуулж байгаа юм. Төрийнхөө их баяр наадамд 10 түрүүлж, чөлөөт бөх болон самбо барилдааны дэлхийн аварга, Монголын төдийгүй дэлхийн домогт бөхийн алдрыг мөнхжүүлэх нэрэмжит барилдаан хоёр дахь удаагаа болж байна. Анх 2003 оны намар Монгол Бөхийн өргөөнд дархан аваргын 60 насны ойн барилдаан болж Туркийн алдарт бөх Ахмет Айк урилгаар ирж байсан билээ.
Д.Өлзий