Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж төв талбайд жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн багш нар Багшийн цалинг нэмэх асуудлаар цуглаан зохион байгуулав.
Багш нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг хийх, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах гэсэн гурван зүйл шаардлагыг тавьж байгаа. Багш нар зээлээс зээлийн хооронд амьдрах болсноо нуух шаардлагагүй, үнэхээр хүнд нөхцөлд байгаа гэдгээ илэрхийлж байна.
Сурагчид анги дүүргэх хаврын улиралд багш нар сурагчидтай зэрэгцэж Солонгост хар ажил хийхээр бичиг цаас болон хөөцөлдөн гүйдэг болжээ. Ингэж зуны гурван сар хар ажил хийснийхээ төлөө зээлээ хагасалж, хүүхдүүдээ хувцасладаг. Харин намар сурагчидтайгаа зэрэгцэн сургуульдаа орсон багш нар ажлынхаа хэвшилд орох гэж бас л багагүй хугацааг алдаж байгаагаа учирлаж байв.
Монголын ирээдүйн хүүхдүүдийг хүмүүжүүлж буй багш нар БНСУ-д хар ажил хийж байгааг яалтай билээ. Ингэж хүний нутагт хар ажил хийх нь залуу багш нарт олддог ганц боломж болжээ. Харин ахмад багш нарт тийм боломж байхгүй аж.
Энэ байдалд дорвитой шийдвэр гаргаж, багш нарын цалинг нэмэхийг цуглаанд оролцогч багш нар шаардаж байгаа юм. Харин Төрийн ордонд МАН-ын бүлэг Засгийн газраа огцруулах эсэх асуудлаа хэлэлцээд багш нарыг сонсож харах завгүй хуралдаж байна.
Д.Өлзий