Түвд судлал бодлого боловсруулахад нөлөөлөх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-09-05 08:52:58


Монголын хэвлэл мэдээллийн 11 сэтгүүлч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны урилгаар 8 дугаар сарын 13-27-ны хооронд Түвд, Сычуань мужийн зарим нутгаар аялж, Бээжин дэх Хятадын Түвд судлалын үйл ажиллагаатай танилцлаа.
Хятадын Түвд судлалын төв нь 1986 онд байгуулагдсан, 11 үндэсний цөөнхөөс бүрдсэн 200 гаруй судлаачтай. Түвд судлалаараа дэлхийд хамгийн томд тооцогдох таван хүрээлэн нь Түвдийн нийгэм эдийн засаг,  уламжлалт анагаах ухаан,түүх, шашин, соёлыг тусгайлан судлахын зэрэгцээ тухайн улс оронд ямар асуудал тулгарч байна, хэрхэн шийдвэрлэх талаар бодлого боловсруулагчдад санаа оноогоо хүргүүлдэг байна. Тийм ч учраас ихэнх судлаачид Түвдэд очиж нутгийн зон олонтой хамт амьдарч, бодит амьдралтай биеэр танилцдаг тул тэдний судалгаа анхны бодит эх сурвалж болж чаддагаараа онцлогтой аж. 
Тус төв нь сүүлийн жилүүдэд гадаадын олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаагийн дотор Монголын их, дээд сургууль, МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал 2016 онд Бээжин хотод  Түвд судлалын Олон улсын хуралд Монгол Улсаас төлөөлөгчид оролцсон.
Тус төвийн хариуцлагатай ажилтан Хуан овогт бидэнд хэлэхдээ, “Монголчуудтай харилцахад их ойр байдаг нь шашин шүтлэг, соёл ёс заншил ойролцоо, буддын шашин,түүхийн олон эх сурвалжууд Монгол улсын төв номын санд нь хадгалаатай байдагтай холбоотой.Цаашид хамтран ажиллах, ялангуяа Түвдийн анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бололцоо бидэнд бий.
Судалгааны бүтээлүүдээ ихэвчлэн түвд, хятад хэлээр, цөөхөн хувийг англи хэлээр эмхэтгэж гаргадаг. Харин сүүлийн үед манай эрдэмтдийн сүм хийдийн тухай судалгааны бүтээлийг монгол хэлээр хөрвүүлж эмхэтгэн хэвлэх талаар Монголын эрдэмтэдтэй ярилцаж байгаа” гэлээ. Мөн тэрбээр хэлэхдээ, “20 гаруй жилийн судалгааны үр дүнд Хятадад хадгалагдаж буй Ганжуур, Данжуур судрыг судалж дууслаа.Өнгөрсөн долоо хоногт л гэхэд БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яамны ажилтан эмэгтэй Ганжуур, Данжуур судрыг эндээс худалдан авч Монголын нэгэн байгууллагад хандивлах тухай саналаа илэрхийлсэн. Одоо эдгээр судруудын тээвэрлэлтийн асуудлыг хөөцөлдөж байна.Ганжуур, Данжуурын судалгааны ажилд 100 гаруй эрдэмтэн оролцож улсаас 40 сая юань зарцуулсан ба одоо дижитал хэлбэрт оруулах ажил хүлээгдэж байна.

Даогуан хаанаас 11-р Далай ламд олгосон алтан гэрчилгээ. 1841 он

Өнөөгийн байдлаар Хятадад байгаа Түвд судлалын бүх эх сурвалжуудыг эмхэлж цэгцлэх ажлыг хийж байгаа ба цаашид дэлхийн олон оронд гадаадад тархсан түвд хэл дээрх эх сурвалжуудыг цуглуулж судлах ажлыг хийх төлөвлөгөөтэй байна. Монгол улсад мөн энэ талын эх сурвалжууд их байдаг. Иймээс Монголын талтай хамтарч ажиллана гэдэгт найдаж байна.Ингэж Түвдтэй холбоотой бүхий л эх сурвалжуудыг эмхэлж цэгцэлж нэгтгэснээр хүн төрөлхтний хөгжилд чухал хувь нэмэр оруулж  байна гэж үзэж болно. Энэ жил гэхэд “Түвдийн нэвтэрхий толь” 13 боть ном хэвлүүлж гаргасан ба үүнд Түвдийн бүхий л үеийн хөгжлийн түүхийг хамруулан багтаасан. Цаашид англи, монгол хэлээр хөрвүүлэн эмхэтгэн гаргах санаатай байгаа.
Монголын мэрэгжил нэгт судлаачид "Бид нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн тул Түвдийн нүүдэлчдийн амьдралыг их сонирхож байна" гэдэг.  Бид Түвдийн тухай нэгэн баримтат кино үзүүлсэн.
Тэд киног Монголын ард түмэнд үзүүлэх санал тавьж кино наадамд оролцуулах урилга өгсөн боловч зөвшөөрлөө аваагүй байсан тул тухайн үед оролцож чадаагүй. Харин өнгөрсөн сард Канадад болсон кино наадамд энэ кино маань шилдэг баримтат киноны шагнал хүртсэн” гэлээ.

Монголын сэтгүүлчид тус Хүрээлэнгийн  "Орчин цагийн судлал"-ын судлаач Ван Сяобогоос сонирхсон асуултадаа хариулт авав.
-Түвдийн соёлын уламжлалыг авч үлдэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Түвдийн сүм хийд, шашин шүтлэгийг нь хамгаалах тал дээр асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Түвдийн ард түмний амьжиргаа сайжрахын хэрээр шашны арга хэмжээнд оролцох оролцоо нь ч нэмэгдсэн. Энэ нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, зам харилцаа сайжирсантай холбоотой.Урьд нь зөвхөн лам нар, сурвалжит гаралтай хүн л боловсрол эзэмших эрхтэй байсан бол одоо сургуулийн насны бүх хүүхдүүд үнэгүй боловсрол эзэмшиж байна.Түвдийн соёлыг бид хамгаалж, хөгжүүлж байна. Соёлын хамгийн шилдэг гэсэн хэсгийг нь авч үлдэхээр чармайж байна. Мэдээж барууныхны ярьдаг шиг Түвдийг яг тэр чигээр нь авч үлдэж бодит музей болгох боломжгүй. Яагаад гэвэл Түвдчүүд хүн төрөлхтөний хөгжил дэвшлээс хүртэх эрхтэй, дэлхий хөгжиж байна, нийгэм урагшилж байна.
-Монголын "ИЙГЛ" телевизээр Хятадын ССТВ-ийн бүтээсэнТүвдийн тухай "Гурав дахь туйл" нэртэй баримтат киног үзэгчдэд толилуулж байсан. Уг кинонд Түвдчүүд байгалиа онгон зэрлэгээр нь авч үлдсэний зэрэгцээ ан агнахдаа чулуу, мод ашиглаж байсан. Уламжлалаа ингэж авч үлдсэн нь шашинтай холбоотой юу эсвэл өөр шалтгаан байна уу?
-Энэ бол Түвдийн экологи хамгаалал, соёлын уламжлалтай нягт холбоотой. Шашны талаас авч үзвэл догшин хайрхан, гол усыг хөндөж бохирдуулж болохгүй, амьтны амь тасалж болохгүй гэсэн  шашны өөрийн ойлголттой холбоотой. Нөгөө талаас, Хятадын засгийн газраас барууны орнууд шиг эхлээд байгалиа бохирдуулаад дараа нь түүнийгээ нөхөн сэргээх бус /Хятадын зарим газарт ч ийм үзэгдэл ажиглагдаж байна/ экологийн хамгаалал асуудлыг маш их анхаарч байгаа. Яагаад гэвэл Түвдийн экологи орчин их хэврэг, дахин сэргээхэд маш хэцүү.Жишээ нь, Түвдийн төмөр замыг тавихад түүний экологи хамгаалалд төмөр зам тавихаас илүү хөрөнгө зарцуулсан.Бусад газарт төмөр зам тавихад үүнээс ч бага хөрөнгө зарцуулах тул олны ярианаас болгоомжлохын тулд үнэн бодит тоог тавьдаггүй юм. Зэрлэг амьтан хамгаалал дээр мөн адил. Амьтдыг чөлөөтэй давхиулахын тулд гүүрэн төмөр зам тавьж байх жишээтэй. Бас нэг обьектив шалтгаан бол Түвдийн газар нутаг том, хүн амын нягтаршил бага тул байгальд үзүүлэх нөлөө угаасаа бага. Жишээ нь,  Али нутаг гэхэд газар нутаг нь 37 сая  хавтгай дөрвөлжин км нутагтай мөртлөө 100 мянган хүн амтай. Мөн глобалчлагдаж байгаа энэ үед түвдчүүдийн амьдрал огт өөрчлөгдөхгүй, угийн хэв маягаа хадгална гэдэг боломжгүй зүйл.
-Одоо Түвдэд нэг эхнэр олон нөхөртэй байх үзэгдэл хадгалагдсаар байгаа юу?
-Зарим газраар нэлээд түгээмэл байдаг. Энэ нь уламжлалтай нь холбоотой.Түвдийг чөлөөлсөний дараа, соёлын хувьсгалын үеэр үүнийг хоцрогдсон, бурангуй зүйл гэж үзэж, нийгмийн зүгээс дарамт үзүүлсээр багассан. Нөгөө талаас ил байдлаас нуугдмал байдал руу шилжсэн. Миний бие тухайн Түвдийн нэгэн сургуульд ажиллаж байх үед тус сургуулийн захирал ах, дүүс олуулаа, дундаа нэг эхнэртэй байсан.Гэхдээ өөрийгөө ганц бие, хүнтэй суугаагүй гэдэг байсан ч энэ нь  юу харуулж байна вэ гэхээр ингэх нь нийгмийн шаардлагад нийцэхгүй гэдгийг ойлгож байгааг харуулж байна. Хэдийгээр Хятадын Үндсэн хууль, гэр бүлийн тухай хуульд нэг нөхөр нэг эхнэртэй байхыг заадаг боловч Түвдэд үүнийг хүчээр хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдний сонголтыг хүндэтгэдэг. Нэг хүүхдийн бодлого ч мөн адил, энэ нь түвд үндэстнүүдэд хамаагүй юм.Үүнийг түүхэн уламжлал, хэдэн зуун мянган жилийн уламжлагдан ирсэн ёс дэг гэж үздэг.
Үүн дээр мөн тэнгэрийн оршуулгын ёсыг дурдмаар санагдлаа л даа. Чин гүрний үед энэхүү оршуулгын ёслолыг хэт харгис, хүмүүнлэг бус үйлдэл байна хэмээн үзэж байсан боловч харин одоо уг ёс заншилд Засгийн газраас оролцохоо больж хүндэтгэн үзэж, тусгай заалт гарган, тэнгэрийн оршуулгын үеэр зураг авахыг хүртэл хориглосон байгаа.
-Лам хүнийг хэрхэн үздэг вэ, бас нэг хөдөлмөрийн хүчин мөн үү?
-Урьд нь лам нар сүсэгтнүүдийн өргөл барьцаар амьдардаг байсан. Харин ардчилсан шинэчлэлийн  үед Сүм хийдийн зарим онцгой эрхийг хүчингүй болгож, лам нар ч мөн адил ажил хөдөлмөрт оролцох хэрэгтэй  хэмээн үзэх болсон.Энэ бол ардчилсан өөрчлөлтөөс соёлын хувьсгалын хооронд гарсан маш том өөрчлөлт.Өөрчлөлт шинэчлэлийн дараа сүм хийдүүдийг хэрхэн өөрсдийгөө санхүүжүүлж болох тал дээр тандалт судалгаа хийсэн. Зарим хийдүүд өөрсдөө аж ахуй эрхэлж эхэлсэн, зам тээвэр, хоол хүнс, аялал жуулчлал эрхлэх зэргээр өөрсдийгөө санхүүжүүлж эхэлсэн. Хожим шинэ цаг үед лам нарыг улсын иргэн гэж үзэж давхар хамгаалалд авсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, амьжиргааны доод түвшин гэх мэт бүхий л халамжинд хамруулах болсон. Одоо сүм хийдүүд орлогоо өөрсдөө авдаг, харин бүх зардлыг нь улсаас даадаг. Түвдийн өөртөө засах орноос сүм хийдүүдэд нэгэн байгууллага байгуулсан бөгөөд энэ нь менежмент, үйлчилгээ, боловсрол гэсэн гурван үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс үйлчилгээний тал дээр маш сайн үүрэг гүйцэтгэж, зам засах, ус, цахилгаанд холбох, өвчтэй ламыг эмнэлэгт хүргэж өгөх зэрэг  төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Урьд нь лам нар сүм хийдэд нийлж бослого хөдөлгөөн гаргадаг байсан бол тэтгэмж, цалин олгож нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж эхэлснээс хойш иймэрхүү зүйл гарахаа больсон.
-Түвдэд шашны хуваагдмал байдал хэр их вэ?
-Энэ тал дээр нэг их ноцтой зүйл байхгүй. Энэтхэгээс орж ирсэн шашныг өөрийн шашин болгож нутагшуулсан. Мөн нэг хэсэгхэн газарт католик шашин 100 гаруй жилийн өмнөөс орж ирсэн байдаг. Тэхдээ иймэрхүү зүйл маш бага.
-Лам нарын өргөл барьцад хязгаарлалт тавьдаг уу?
-Энэ асуудал нэлээд ярвигтай. Лам нар шашны ямар нэгэн үйл хийх, хэн нэгний гэрт очоод ном засал үйлдсэн өргөл барьцаа өөрсдөө л авдаг. Зарим сүм хийдийн том хувилгаад авсан өргөлөө сүм хийддээ үлдээдэг тал бий. Энэ нь хувийн шинж чанартай асуудал тул хэт хутгалдаж ордоггүй.
-Сүүлийн үед Түвд дэх гэмт хэргийн гаралт хэр байна вэ?
-Түвдэд гэм хэргийн гаралт маш бага, одоо шууд тодорхой тоо  хэлж мэдэхгүй байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Түвд маш цөөн хүн амтай. 1 сая 200 мянган хавтгай дөрвөлжин километр нутагт 3 сая гаруй хүн амьдарч байна.
Хоёрт, Түвдийн өөрийн шашны үүрэг оролцоо маш их. Гуравт, 2008 оны 3 дугаар 14-ний хэрэг явдлаас хойш олон газарт иргэдэд үйлчлэх, аюулгүй байдлыг хамгаалах цэг байгуулсан. Анх Түвдчүүд үүнийг өөрсдийг нь хянах гэж байгуулж байна хэмээн хардаж байсан бол хэсэг хугацааны дараа өөрсдөд нь ямар их хэрэгтэй болохыг мэдэрсэн.Тийм ч учраас одоо Лхас хотод ард түмний аюулгүй байдлын баталгаа маш өндөр.
-Түвдэд ирж ажиллаж байгаа бусад бусад муж нутгийн иргэдэд тусгай нэмэгдэл олгодог уу?
-Хятадын засгийн газраас Түвдэд ирж ажиллаж байгаа иргэдэд “өндөрлөг газрын нэмэгдэл” гэгчийг олгодог. Мөн нутгийн Түвд иргэдэд ч энэхүү нэмэгдлийг эдэлдэг. Бүр зах хязгаар, ядуу хүнд нөхцөлтэй бүсэд мөн орлогоос гадуур өөр өөр дэсийн янз бүрийнг нэмэгдэл олгодог.
-Та ХКН-ын Түвд дэх бодлогыг судалдаг судлаач хүний хувьд лам нарын зулын гол болдог хэргийг юу гэж үздэг вэ?
-2011 онд 14 дүгээр Далай лам нас өндөр болсон тул улс төрийн хэргийг үл хамаарахаа албан ёсоор мэдэгдсэн. Улс төрийн хэргийг үл хамаарахаар Түвдэд эргэж ирэх магадлал багасч байгаа юм.Харин Түвдийн ард түмэн болохоор Далай ламыг нутагтаа эргэж ирэхийг мах их хүсдэг. Далай лам өөрөө ч үүнийг хүсч байгаа. Гэтэл дээрх шийдвэр нь хүмүүст буцаж ирэхгүй болсон гэсэн санааг цаагуураа хэлээд байгаа тул Хятадын засгийн газарт түүнийг  нутагт нь ирүүлэхийн тулд хийж буй шахалт нөгөө талаар гутарсан сэтгэлээ илэрхийлж байгаа хэрэг гэж ойлгож болно. Иймэрхүү үзэгдэл ихэвчлэн Сычуан, Гансү, Хөх нуурын сүм хийдэд гардаг.

Б.Мөнхтуул
 
 
 
 
 

Холбоотой мэдээ