“Геометрийн улсын олимпиад-2015” Дархан хотод эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:27:48

 Авьяаслаг математикч Д.Баярцогт агсны нэрэмжит Геометрийн улсын олимпиад Дархан хотод эхлэв.

“Олимпиад ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчид, дунд ангийн багш нарын дунд явагдахаар болсон. Дархан-Уул аймгаа төлөөлж тус аймгийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 167 хүүхэд оролцож байгаа бол нийслэл, бусад найман аймгаас 141 сурагч нийт 300 гаруй багш, сурагчид оролцож байна. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг ангилал тус бүрт гурван байр эзлүүлж мөнгөн шагнал гардуулах юм. Мөн шалгарсан сурагчдыг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулахын зэрэгцээ нийт дүнгээр шилдэг хоёр багийг шалгаруулж үүрд хадгалагдах алт, мөнгөн цомоор урамшуулна” гэж Монгол Улсын Гавьяат багш Д.Амгалан ярилаа.

Д.Баярцогт агсан нь авьяаслаг математикч төдийгүй  Дархан сумын ИТХ-ын дарга, Дархан хотын дэд дарга, Дархан-Уул аймгийн БСГ-ын Математикийн сургалт хариуцсан мэргэжилтэн зэрэг төр, нийгмийн хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэж байсан сэхээтэн. Тэрбээр Монголын математикийн хөгжилд анх удаа 1990 онд “Бүсийн матемакийн олимпиад”-ыг санаачлан зохион байгуулсан бол 2002 онд Геометрийн олимпиадыг анх удаа зохион байгуулсан, 1992 онд улсын математикийн олимпиадыг хөдөө орон нутагт анх зохион байгуулж байсан гавьяатай математикч юм. Д.Баярцогт агсны дурсгалыг хүндэтгэж геометрийн улсын олимпиадыг түүний нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн уламжлалын дагуу энэ удаагийн олимпиад Дархан хотод эхлэсэн нь энэ юм.

Олимпиадыг улсын Математикийн зохион байгуулах хороо, аймгийн БСГ, МУИС-ын Математикийн тэнхим, “Ди Би Эс” телевизийн захирал А.Түвшинбат, Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургуулийн захирал Д.Мөнхбат, “Дархан Минж” компанийн захирал н.Анхболд зэрэг Дархан хотын нэгдүгээр сургуулийн төгсөгч шавь нарын төлөөлөл, гэр бүл хамтран зохион байгуулагчид нь оролцсон нээлт боллоо.  Тус олимпиад нь геометрийн ухааныг түгээн дэлгэрүүлж сурталчлах, сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж геометрийн шинжлэх ухааныг сонирхон судлах багш сурагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж иржээ. Олимпиад хоёр өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргана.

                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ