Эрүүл мэндийн төвүүд оношлогооны тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:29:11

Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Эрүүл Мэндийн шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2014 онд 1.8 тэрбум, 2015 онд 74 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангасан бол энэ удаа 66.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.

Энэ удаа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн оношлогооны чадавхийг дэмжихэд чиглэсэн тоног төхөөрөсж иржээ. Дархан хотын “Гос-Хот” Өрхийн эрүүл мэндийн төв, Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд  зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, өвчтөний монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос, пульсоксиметр, дефибрилятор, УВЧ зэрэг аппарат тоног төхөөрөмж, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт дээрх тоног төхөөрөмжөөс гадна Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетад зөөврийн ЭХО аппаратыг тус тус хүлээлгэж өгөв.

Уг тоног төхөөрөмжийг гардуулах ёслолд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Тунгалагтамир, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нар гардуулж уг тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнг танилцуулав. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэнд, спортын яамнаас тасралтгүй хөрөнгө оруулалт хийж эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эмчилгээ, үйлчилгээнд шинэ технологи нэвтэрснээр гуравдугаар шатлалын эмнэлэгт явуулах иргэдийн урсгалыг 57.5 хувь бууруулсан. Тухайлбал цөс, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар 15, бөөрний цус шүүх Гемодиалез эмчилгээгээр 90.4, сүрьеэгийн олон эмийн дасал тодорхойлох  Жениэксперт оношлогоо 100, уян дурангийн оношлогоо, эмчилгээ 15, Зөөврийн Рентген ашиглаж гэмтлийн мөчдийн түгжээт хадаас хийх мэс заслаар 100 хувь урсгалыг бууруулсан бол чих хамар хоолойн оношлогоо, эмчилгээний аппаратаар эмчилсэн өвчлөлийн эрүүлжилт 60.8, яаралтай тусламжийн машин нэмэгдэж, тоног төхөөрөмж сайжирснаар 30 минутаас дээш хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээ 21.6 хувь болж 9,8 минутаар бууруулж чадлаа.

Мөн цусны банкны гүн хөлдөөгчтөй болсноор цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж хадгалалт сайжирч зөвхөн аймгийн Нэгдсэн эмнэлэг төдийгүй бусад аймаг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хангадаг болсон зэрэг үр дүнгээ өгч байна” гэж аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл онцлов. Мөн цаашид лабораторийн шинжилгээний аппаратуудыг ажиллуулахад эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг 25 хувь бууруулсантай холбоотой урвалж оношлогооны зардал хүрэлцэхгүй байгааг аймгийн удирдлагуудад танилцуулж анхаарал хандуулахыг хүслээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмжийг тасралтгүй ажиллуулахад жилдээ 403 сая төгрөг шаардлагатай байдаг ч энэ онд 192 сая төгрөг буюу 47.6 хувийг нь л төсвөөс санхүүжүүлэх боломжтой аж.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ