“Үдийн цай” хөтөлбөрөөс зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-13 14:11:01
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Эрүүл мэнд, боловсролын хяналтад-иргэн таны оролцоо” сэдэвт сарын аян өрнөөд сар гаруйн хугацаа болж байна. Аяны хүрээнд  хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангуулах, мөн үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх, гоо сайхны газруудын халдвар хяналтын дэглэмийг хангуулах, ундны усны чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.

Энэхүү аяныг аймгийн МХГ-аас өрнүүлж байгаа бөгөөд иргэд, эмнэлэг, ЭМБ, сургууль, цэцэрлэг, ААНБ-уудад эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, мэдлэг мэдээлэл олгох ажлыг түлхүү анхааран ажиллаж байгаа ажээ.
Энэхүү урьдчилан сэргийлэх шалгалтад Сайхан, Сүхбаатар, Шаамар сумдын ерөнхий боловсролын 10 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгүүд нийтдээ 22 байгууллага болон “Үдийн цай” хөтөлбөрт хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч 8 аж ахуйн нэгж, иргэд одоогоор хамрагдаад байна.

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад хоол үйлдвэрлэлийн байранд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, тоног төхөөрөмж хангалтгүй хуучирч муудсан зөрчил илэрчээ. Мөн багш ажиллагсдын 15 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж хэвшээгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмын хэрэгжилт хангалтгүй байсан аж. Түүнчлэн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын дотоод хяналт шалгалтын журмыг боловсруулж, нэгж ажилтныг томилсон боловч дотоод хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч ажиллаагүй зөрчлүүд нийтлэг байсан байна.

Иймээс  эдгээр газруудад зөрчлөө арилгах албан даалгавар өгөхийн зэрэгцээ ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, цаашид гэрээгээр нийлүүлж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд тавих дотоод хяналт шалгалтыг сайжруулах, багш ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах талаар хугацаатай үүрэг даалгаврыг өгч биелэлтийг тооцохоор шийдвэрлэсэн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ