"Ямар ч хүч биднийг салгаж чадахгүй": Хятад, Тайванийн удирдагчдын түүхэн уулзалтын тухайд

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-08 22:27:57

СИНГАПУР. /TASS/. БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю нар бямба гарагт түүхэн уулзалт хийлээ. Тэд Гоминьдан намын удирдаж байсан өмнөх БНХУ-ын оронд 1949 онд БНХАУ байгуулснаас хойш анх удаа уулзаж байгаа юм.

Нэг цаг үргэлжилсэн уулзалтын дараах тайлбаруудаас үзвэл, хоёр талын хэлэлцээний үеэр ямар ч ахиц дэвшилд хүрсэнгүй. Түүгээр барахгүй, эхлэхээс нь өмнө Бээжинд ч, Тайбэйд ч хүлээгдэж байсан шиг тодорхой зүйл болсонгүй. Уулзсан нь л чухал үйл явдал байлаа.

Хятадын санал

Хэлэлцээний гол үр дүнгийн нэг нь Си Зиньпиний тавьсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХБ/ ажилд оролцох саналыг Тайвань хүлээж авсан явдал байв. АДБХБ-ны ажилд Тайбэй оролцох болсныг бид сайшааж байна” гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газрын тэргүүн Жан Жизюнь уулзалтын дараа хэлжээ.

Европ, Ази хоорондын худалдааны урсгал дайрч өнгөрдөг хэд хэдэн орны аж үйлдвэрлэл болон холбогдох төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулахаар тусгасан “Торгоны зам” эдийн засгийн бүсийн хүрээнд дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор АДБХБ-ийг Хятад улсын санаачилгаар байгуулсан юм.  

Үүнээс гадна, “олон улсын асуудлуудад оролцохтой холбоотой Тайванийн байр суурийг Хятад ойлгож байгаа болохыг” Бээжингийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. “Хэрэв нэг Хятад зарчимтай харшилдахгүй бол Тайвань олон улсын хэрэгт оролцож болно” гэж Жан Жизюнь онцлон дурдсан байна.

Үүний сацуу, Хятадын удирдлага Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин сануулжээ. “Энэ бол хоёр талын харилцааны хувьд хамгийн том аюул юм” гэж Тайванийн хэрэг эрхэлсэн газрын тэргүүн цохон тэмдэглэсэн байна.

Үүний хамтаарт Бээжингийн эрх баригчид мөн нэгдүгээр сард болох Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуулийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцох бодолгүй байна гэдэг ойлголтыг өгчээ. Тайванийн сөрөг хүчний томоохон нам болох “Ардчилсан дэвшилтэт нам” анхны уулзалтын талаар, ялангуяа сонгуулийн өмнө ийм уулзалт хийх гэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн билээ. Уг сонгуульд Бээжинтэй харилцахдаа илүү болгоомжтой хандахыг дэмждэг тус намын гишүүн Цай Инвэнь ялах хамгийн өндөр магадлалтай байгаа юм.

Тайванийн талаас тавьсан санал

Ман Инзю Сингапурт болж буй уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа Хятадын дарга Си Зиньпинтэй ярилцахдаа илэрхийлсэн байна. Тэрбээр уулзалтыг “илэн далангүй, чин сэтгэлээсээ” болсон гэж дүгнэсэн бол мөн Си Зиньпинийг “прагматик, уян хатан, нээлттэй” улс төрч гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна.

Хэлэлцээний үеэр талууд юуны өмнө, “1992 оны зөвшилцөл”-ийг даган баримталсаар байх явдалд гаргаж буй хүчин чармайлтын талаар хэлэлцсэнийг Ма Инзю нотолжээ. Уулзалтын үеэр Ма Инзю Тайванийн хоолойд энх тайван байдал болон хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чиглэсэн “таван заалт бүхий санал”-ыг дэвшүүлсэн байна.

Нэгдүгээрт, тэрбээр “1992 оны зөвшилцөл”-ийг даган мөрдөх нь чухал болохыг дахин дурджээ. Уг зөвшилцөлд хэдийгээр талууд өөр өөр ойлголттой боловч зөвхөн “нэг Хятад” л байна гэж тусгасан байна. Энэ үндсэн зарчмыг даган мөрдсөний ачаар сүүлийн долоон жилийн хугацаанд Тайванийн хоолойн хоёр талд орших эрэг хооронд 20 гаруй гэрээнд гарын үсэг зурах болон энх тайван, тогтвортой байдлыг бий болгох боломжтой болсныг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Хоёрдугаарт, тэрбээр зөрчилдөөнөө багасгаж, маргаан, зөрчилдөөнийг тайван замаар шийдэхийг уриалсан байна.

Гуравдугаар заалтын хувьд хоёр талын хооронд солилцоо болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг санал болгожээ.

Түүний бас нэг санал нь яаралтай, тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд “халуун шугам” тогтоохтой холбоотой байна. Ийм шугамыг Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газар болон эх газрын Хятадын асуудал эрхэлсэн Тайванийн зөвлөлийн хооронд бий болгож болох юм. Бээжингийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Си Зиньпин энэ саналыг сайшаан, дэмжсэн байна.

Тав дахь заалтад хамтын хүчин чармайлтаар “Хятад үндэстнийг цэцэглэн хөгжүүлэхийн тулд” хоёр талын хооронд хамтран ажиллахыг уриалжээ.

Тайваньд учирч буй цэргийн аюул занал ба олон улсын хэтийн төлөв

Хятадын даргатай уулзахдаа Ма Инзю олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд Тайбэй оролцох хэтийн төлөвтэй, мөн эх газраас арлыг чиглэсэн баллистик пуужинтай холбоотой “цэргийн аюул занал” зэрэг маш эмзэг сэдвүүдийг хөндсөн байна. “Си Зиньпинтэй ярилцахдаа Тайванийн эсрэг цэргийн чадавхиа, тухайлбал, цөмийн зэвсэг болон пуужинтай эх газрын Хятадын баазуудыг  өргөжүүлж байгаад олон нийт санаа зовинож буйг дурдсан” гэж тэрбээр онцлон дурджээ. Түүний хэлснээр, цэргийн чадавхиа өргөжүүлж байгаа нь Тайванийн ард түмнийг ямар ч байдлаар шууд чиглээгүй гэдгийг Си Зиньпин түүнд батлан хэлсэн байна.

Энэ асуудлыг талууд түүхэнд анх удаа нээлттэй хэлэлцсэнийг Ма Инзю цохон тэмдэглжээ. 

Уулзалтын бусад чухал жижиг хэсгүүд

Улстөрчид хоорондоо хэрхэн харилцах вэ, гараа хэдэн удаа барилцах вэ, оройн зоогт ямар хоол өгөх вэ гэдэг талаар сэтгүүлчид Си Зиньпин, Ма Инзю хоёрыг уулзахаас бүр өмнө ярилцгааж байв. Хятадын дарга Ма Инзютай уулзахдаа урьд нь таамаглаж байснаар түүнийг “ноён” гэлгүй “нөхөр” хэмээжээ. 600 орчим сэтгүүлчтэй уулзахдаа, Си Зиньпин, Ма Инзю нар гараа хоёр удаа барилцсан нь 1 минут болон 10 секунд үргэлжилсэн байна. Үүний дараа тэд хэвлэлийнхэнтэй дахин 30 секунд мэндчилжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ