Катарын эргэн тойронд өрнөж буй хямралд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-18 09:58:37
ВАШИНГТОН. /ТАСС/. Персийн буланд Катарын эмирт улстай холбоотой сөргөлдөөн үүсээд гурван сар гаруй болж байгаа хэдий ч уг хямрал шийдэгдэхгүй байгаад АНУ-ын засаг захиргаа улам бүр сэтгэл түгших болжээ. Энэ тухай АНУ-ын засаг захиргааны эх сурвалжаас иш татан “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна.
 
"Бид энэ бүс нутагт их хэмжээний хөрөнгө оруулсан. Персийн буланд үүссэн хямралын улмаас байгуулсан гэрээнүүдээ цуцлахад хүрч байна хэмээн америкийн бизнес эрхлэгчид ярьж эхлэж байгаа нь байж болох зүйл гэж үү?”, - хэмээн Цагаан ордны төлөөлөгч тэмдэглэжээ. Катарын эргэн тойронд өрнөж буй хямрал терроризмын эсрэг ажиллагаанд оролцож буй Америкийн агаарын цэргийн баазад хүртэл аюул нүүрлүүлж байна гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа аж.   
 
Иймд Цагаан ордон сөргөлдөөнөө зогсоохыг талуудад уриалж байгаа бөгөөд терроризмын эсрэг Катарын эрх баригчдын явуулж буй тэмцэлд ахиц гарч байгааг тэмдэглэж байна.
 
Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Бахрейн, Арабын нэгдсэн эмирт улс, Саудын Арави, Египет, Йемен, Ливийн түр засгийн газар, Мальдив, Маврик, Мавритани болон Коморын арлууд Катартай дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарласан юм. Эдгээр улс нь Катарын эмирт улсыг терроризм, хэт даврагч үзэл суртлыг дэмжиж, дайсагнасан бодлого явуулж, арабын орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгасан билээ. Харин Катарын эрх баригчид түүнийг нь ямар ч үндэслэлгүй зэмлэл гэж үзэж байгаа бөгөөд харилцан ойлголцолд хүрэхийн тулд дипломат яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр иржээ.

Лу.Батбаяр
Холбоотой мэдээ