“Өсвөрийн аврагч – 2017” тэмцээн удахгүй эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-18 12:35:07
Өвөрхангай \МОНЦАМЭ\. ОБЕГ, БСШУЯ, МУЗН, Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн аврагч – 2017” тэмцээн Өвөрхангай аймагт есдүгээр сарын 25-28 ны өдрүүдэд зохиогдоно.

Тэмцээнд ЕБС-ийн 10-12 дугаар ангийнхан оролцох бөгөөд өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж хүргэх, аврах ажиллагааны чиглэлээр зайлшгүй мэдвэл зохих аюулгүй ажиллагааны заавар, аврах олсоор 10 төрлийн уяа зангидах, аюулт үзэгдэл, ослын тухай ойлголт, жагсаалын бэлтгэл, бие бялдар, ёс зүйн хүмүүжил, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль зэргээр сургалтад хамрагдаж, мэдлэг, мэдээлэл авах ажээ.

Тэмцээн мэдлэг сорих асуулт, усанд осолдогчийг аврах, анхан тусламж, үерийн аюулаас хамгаалах, нурангиас аврах, аврах олсоор уяа зангидах, гал түймэр унтраах зэрэг долоон үе шаттай явагдах ба  оролцогч багуудыг 1-3 байр эзлүүлж, цом, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулна. 

“Өсвөрийн аврагч – 2017”  тэмцээн нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлж, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө олон бусдад анхан шатны тусламж үзүүлэхэд сургаж, дадлагажуулах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгоход орших бөгөөд орон даяар зэрэг явагдах юм.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ