Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар газрын тосны тээвэрлэлтийг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-20 15:17:59
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр  захирамж гаргаж, зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоохоор болсон байна. Газрын тосны олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гомдол Дорнод аймгийн тулгамдсан асуудлын нэг. Тус аймгийн Засаг даргын А/433 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр газрын тосны 21 дүгээр талбайгаас бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж буй зам нь олон салаалсан төдийгүй 7-35 метр хүртэл өргөн болж, байгаль орчин бохирдсоныг тогтоожээ.

Газрын тосны  зүй бус тээвэрлэлт нь Монгол Улсын Байгаль орчны тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж  буй юм.
Үүний  зэрэгцээ зам дагуу нутаглаж буй иргэдийн амьдрал болон мал сүрэгт сөргөөр нөлөөлж байгаа  тул Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбох авто замын зарим хэсгээр  /N47о 38 ‘42.31”, Е116о59’2.86” цэгээс N47о34’3.9”, Е117о44’3.18” хүртэлх цэгт/ газрын тосны тээвэрлэлт хийхийг түдгэлзүүлэн  зогсоох тухай захирамжилсан байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ