Цэнхэр сумын Орхон багт хийсэн нөхөн сэргээлт үр дүнгээ өгсөнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-20 20:33:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алт олборлолтын ажил хийгдэж, бусад эрдсийн ашиглалтын үйл ажиллагаа түр зогссон. 2003 оныг хүртэл алтны уурхайнууд нь олборлолтын ажилд анхаарч, нөхөн сэргээлтийг хийхгүй орхигдуулсан байжээ. 2000-2004 онуудад нийт эвдэгдсэн 480.4 га талбайгаас 26.8 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн нь эвдэгдсэн талбайн дөнгөж 5 хувьд хийгдэж байжээ.

2004-2009 онуудад улсын байцаагчдаас авсан үйл ажиллагааг зогсоох, албан шаардлага хүргүүлэх, захиргааны арга хэмжээ ногдуулах гэх мэт арга хэмжээний үр дүнд алт олборлолтын явцад эвдэгдсэн 1053.5 га талбайн 814 га-д техникийн, 450 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн нь эвдэгдсэн талбайн 70 хувьд техникийн нөхөн сэргээлт, 30 гаруй хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

“Алтан дорнод монгол”, “Монгол газар” ХХК-иуд нь 2010-2011 онуудад уурхайн хаалт нөхөн сэргээлт хийх нэрийн дор гэрээт аж ахуйн нэгжүүдийг оруулан хууль бусаар олборлолт явуулж нөхөн сэргээгдсэн талбайг дахин эвдрэлд оруулснаар эвдэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ эрс буурсан төдийгүй Орхон голын бохирдол ихэсч, дахин хиймэл нуурууд олноор үүссэн байдаг байна.



2010-2014 онуудад Цэнхэр сумын Орхон багт алт олборлож буй “Монгол газар”, “Алтан дорнод монгол” ХХК-иуд нь дахин эвдэгдсэн болон эвдэгдсэн талбайнуудад техникийн нөхөн сэргээлтийг хийгээгүйгээс эвдэрсэн талбайн хэмжээ 700 гаруй га болж, нөхөн сэргээгдсэн талбайн хэмжээ эрс буурч, өөрчилсөн голуудын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс усны бохирдол ихсэх нөхцөлийг дахин бүрдүүлсэн байна. Урт нэртэй хууль гарсантай холбоотойгоор ашигт малтмалын нөөцийн үлдэгдэлтэй талбай эзэнгүйдэж хууль бусаар алт олборлолтыг ихэсгэсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээгдсэн талбай дахин эвдрэлд орж, нөхөн сэргээлтийн ажил бүрмөсөн зогсчээ.

Харин 2015-2016 онуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан уулын ажлын болон байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ