Дорнодчууд боловсролын салбараа орон даяар сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-25 16:15:21
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн боловсролын салбарыг сурталчлах өдөрлөг Улаанбаатар хотноо ирэх сард болно. Тус аймгийн ЗДТГ, БСУГ хамтран “Дорнодын боловсрол” тайлант өдөрлөгийг өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байна. 
Дорнод аймгийн багш сурагчид сүүлийн дөрвөн жилийн турш элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээрээ улсад тэргүүлсэн. Энэ амжилтын үр дүн, багш нарын хүүхэдтэй ажиллаж буй сайн туршлага, шилдэг арга зүйг өдөрлөгийн үеэр танилцуулж, эрдэмтэн судлаачдаас зөвлөгөө авч туршлага солилцох юм.
Түүнчлэн тайлант өдөрлөгөөр “Дорнодын боловсрол” онол практикийн бага хурал, “Дорнодын бахархал” бүтээлийн үзэсгэлэн, “Дорнодын хөгжлийн өнөөдөр ба маргааш” уулзалтыг хэлэлцүүлгийг зохион байгуулж, 1400 гаруй хүн хамруулахаар төлөвлөжээ.
Мөн Дорнод аймгаас Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудтай уулзаж, орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг дэмжлэг үзүүлнэ.
Тус өдөрлөгт БСШУСЯ, багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын үнэлгээний төв, нийслэл дүүргийн боловсрол, соёл урлагийн газрын болон эрдэмтэн, судлаач, багш нарын төлөөлөл,  Дорнод аймгийн нутгийн зөвлөлийнхийг урилгаар оролцуулах юм. 
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ