ОХУ-ын 60 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-02 15:53:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газар болон ОХУ-ын Холбооны зөвлөл хамтран зохион байгуулж буй “Монгол- Оросын хамтын ажиллагаа 2017” арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Мишээл экспо” төвд “Орост үйлдвэрлэв 2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.

Энэ сарын 05-ныг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэн худалдаанд барилга, барилгын материалын үйлдвэрлэл, инноваци шингээсэн дэвшилтэт тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын 60 гаруй компани оролцож байна. Эдгээр компаниуд ОХУ-ын төв хэсгийн мужууд, Сибирь болон өвөр байгалийн орчмын 20 томоохон хотоос хүрэлцэн иржээ.

Монголчууд эртнээс ОХУ-аас бүтээгдэхүүн худалдан авч ашиглаж сурсан. Тухайлбал, Улаанбаатар хот анх байгуулагдахдаа ОХУ-ын барилгын материал, тоног төхөөрөмжинд тулгуурлан боссон хэмээн Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дурьдав.
Тэрбээр, “Одоогоос жил орчмын өмнө манай улсын аж ахуйн нэгжүүд ОХУ-д “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан. Энэ мэт үзэсгэлэн худалдааны давтамжийг ойртуулж, хил орчмын хотуудад улирал тутам зохион байгуулдаг болох нь туйлын чухал. ОХУ-ын аж ахуйн нэгжүүд Монголд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд хил, гаалийн татвараас эхлээд харьцангуй бага байдаг. Харин Монголын бүтээгдэхүүн ОХУ руу гарахад өндөр татвар төлдөг. Тиймээс бид үзэсгэлэн худалдаа, хурал, зөвлөгөөний үеэр энэ мэт асуудлуудыг шийдвэрлэдэг байх нь туйлын чухал юм. Ингэснээр томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид ч харилцан бүтээгдэхүүн солилцох боломж бүрдэнэ.

Бидэнд ОХУ-аас суралцах олон зүйл бий. Тухайлбал, өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаа “Роса” компани. Энэ компани хэрэглэсэн усыг цэвэршүүлж, 80 хувийг нь дахин ашиглах технологи бүтээдэг. Манай улс сүүлийн жилүүдэд хэрэглэсэн усаа дахин ашиглах талаар ихээхэн анхаарах болсон. Тиймээс энэ мэт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүд болон Нийслэлийн удирдлагууд идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Орос  хоорондын гадаад худалдааны эргэлт тогтмол буурч байгааг ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацын Ерөнхийлөгч С.В.Клашников онцлов. Тэрбээр, “Өнөөдрийн үзэсгэлэн болон “Монгол- Оросын хамтын ажиллагаа 2017” арга хэмжээ нь гадаад худалдааг өмнөх хэмжээнд нь хүргэх, улмаар давуулан биелүүлэх зорилт тавьж байна.

Хоёр орын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд татварын асуудал байнга яригддаг. Манай улс татварын бодлогоо аль нэгэн бодлогод тохируулдаггүй. Тиймээс гадаад худалдаагаа амжилттай явуулахын тулд Монгол, ОХУ хамтран өөр зохицуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ