Б. Болороо: Бэрхшээлийг боломж болгон ашиглаж чадвал амжилт ойрхон байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-04 10:18:44
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Буянжаргалын Болороо Баруун-Урт сумын ЗДТГ-ын урилгаар ирж хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон, өсвөр үеийн сурагчид, албан байгууллагын ажилчид, иргэдэд Би хөгжлийн бэрхшээлгүй, Амжилтын үндэс лекцээ үнэ төлбөргүй уншлаа. Лекцэнд 500 гаруй хүн хамрагдсан юм. Тэрээр өмнөө учирсан саад бэрхшээлийг боломж болгон ашиглаж чадвал амжилт үргэлж ойрхон байдгийг онцлов.

Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө ялан дийлж, бяцхан үр болон амьдралынхаа төлөө тууштай тэмцэж амжилтанд хүрэн улмаар өөртэйгөө адил олон олон хүнд итгэл найдвар,урам зориг хайрлан нийгмийн нэгэн эерэг дүр болж чадсан хүн бол Б. Болороо. Тэрээр анх удаа Баруун-Урт суманд хүрэлцэн ирж бэрхшээлийг хэрхэн боломж болгон ашиглах, хэрхэн амжилтанд хүрэх талаар лекц уншсан юм. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн лекцэнд нас насны 500 гаруй хүн хамрагджээ. Түүний лекцийг сонсох гэж Халзан сумын ЕБС-ийн 8А ангийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ зорин иржээ.

Тэрээр хэлэхдээ “Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 16 сургагч багшийг бэлтгэсэн, дээрээс нь би өөрөө холбогдох яамны мэргэжилтэн гэдэг утгаараа олон нийтийн хандлагыг өөрчлөх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлынхаа хүрээнд хөдөө орон нутгаар сургалтаа зохион байгуулж байгаа. Аймгийн удирдлагуудад лекц хэлбэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулаад өөрийгөө би хэрхэн ялан дийлсэн бэ, хэвтэрийн байдалд байсан хүн яаж өдий зэрэгт хүрсэн бэ гэдэг талаар энгийн хэлбэрээр, илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Хүмүүс маш сайхан хүлээн авч байна. магадгүй гурван жилийн өмнө би ингээд ярьсан бол ойлгохгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүн гэдэг талаас нь харах нөхцөл бүрдээгүй байсан. Харин яг өнөөдөрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх үүднээс идэвхтэй ажлууд хийгдэж бйагаа учир харьцангуй олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдсэн  эерэг болсон байна. Баруун-Урт сумын ЗДТГ-ын урилгаар ирж өөрийнхөө үзэл бодлыг Сүхбаатарчуудтайгаа хуваалцлаа. Намайг халуун дотноор хүлээн авсан бүх хүнд болон намайг урьж олон сайхан хүмүүстэй уулзах боломж олгосон Баруун-Урт сумын ЗДТГ-ын хамт олонд маш их баярлалаа...” гэв.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ