Н.Номтойбаяр: Осол гарах үед би зорчигчийн суудалд сууж явсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-04 16:19:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд автомашинаар осол хийж, хүний амь нас хохироосон гэх мэдээлэл цацагдаж, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг холбогдуулаад байгаа юм. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд тайлбар хийлээ. 

"Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Тухайн өдөр мотоциклтой жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөснөөс осол гарсан. Миний хувьд жолоо бариагүй, зорчигчийн суудалд сууж явсан. Осол гарсан даруйд тэнд явсан баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн. Осол гарсан өдрийн маргааш биеийн байдал нь сайжирсан. Харамсалтай нь тэр эмнэлэгт тоног төхөөрөмж хангалтгүй байсан. Тиймээс 50 км зам туулж, Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь зорчигч нас барсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах байх. Би гэрчийн хувьд хуулийн байгууллагад тайлбар, мэдүүлэг өгсөн” гэлээ.
Мөн тэрбээр осол гаргаад зугтаасан гэх мэтээр өөрийнх нь талаар ташаа мэдээлэл гарч буйд албан ёсоор тайлбар хийв. Ослын шалтгаан нь орон нутгийн эмнэлэг тоног төхөөрөмжгүйгээс болж зорчигч амь насаа алдахад хүрсэн хэмээв.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ