Аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-05 14:34:49
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаа Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан бололвсролын салбарын нийт багш ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.
 
Тэрээр мэндчилгээндээ “Эрхэм хүндэт багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.  Баярын өдрөө Сүхбаатар аймгийн багш нар бид арвин амжилт, ахиц дэвшлээр дүүрэн угтаж байна.
2016-2017 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчдын тоо 11284-д хүрлээ. Баруун-Уртад маань дахин нэгэн шинэхэн цэцэрлэг удахгүй үүдээ дэлгэн бяцхан үрсээ хүлээн авахад бэлэн болж байна. Энэ онд Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад улсын болон орон нутгийн төсвөөр 800 гаруй сая төгрөгийн засвар хийгдсэнээр эдгээр сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн  орчин, нөхцөл эрс сайжирлаа. Үүний зэрэгцээ багш нар маань хөдөлмөрийн үнэлэмжээ бодитой болгох, цалин хөлсөө нэмэгдүүлэхээр эвлэлдэн нэгдэж, олон чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлж байна.  Боловсролоо тэргүүндээ тавин, улсын хөгжлийнхөө түүчээ болгож, шат дараалсан арга хэмжээг төр засгаас шуурхай авна гэдэгт итгэлтэй байна.
Аймаг маань анхны Улсын тэргүүний цэцэрлэгтэй болж байгаа нь энэ удаагийн Багш нарын өдрийн хамгийн бахдам онцлог юмаа. Ш.Өлзийсайхан эрхлэгчтэй Сүхбаатар сумын цэцэрлэгийн хамт олон ийнхүү аймгийнхаа боловсролын түүхийн хуудсыг арвижууллаа. Та бүхнээрээ бахархаж, баяр онцгойлон баяр хүргэе. Энэ хүндтэй алдрыг хүртэх дараагийн сургууль, цэцэрлэгүүд ч олон байгаа гэдэгт итгэлтэй байна. 
Хэнд ухаан буй аваас
Тэр, багшийн хайрласан өглөг
Хэнд сэтгэл буй аваас
Тэр, багшийн асаасан оч
Хэнд итгэл буй аваас
Тэр, багшийн бадраасан урам
Хэнд хайр буй аваас
Тэр, багшийн шингээсэн уярал
Хэнд ачлал буй аваас
Тэр, багшийн манлайлсан үлгэрлэл авай
Сайн сайхан бүхнийг шингээсэн түмэн ачлалт багш нартаа Ч. Жамъянжав багшийнхаа энэхүү шүлгээр мэндчилгээ дэвшүүлье...” гэжээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ