Зургаан настнууд шинэ ангид хичээллэх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 10:37:31

Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн хичээлийн III байрны өргөтгөлийн барилга ашиглалтанд орлоо.

Шинэ хичээлийн  байрны нээлтэд Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг даргын орлогч Б.Шинэзориг, Цаст-Алтай сургуулийн захирал Б.Балдорж болон багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.

Аймаг сум болон ДЗОУБ-ын 192 сая төгрөгийн санхүүжилтээр “Шинэ асар” компани гүйцэтгэгчээр ажилласан энэхүү өргөтгөлийн байр нь 2 анги болон сурагчдын 00 өрөө, урлагийн заалын асуудлыг шийдвэрлэжээ.

Түүнчлэн БШУЯам болон Ховд аймгийн Боловсрол соёлын газар хамтран  шинээр нээгдэж буй хоёр ангид  ширээ сандал бэлэглэв.

“Цаст-Алтай” сургуулийн захирал Б.Балдорж “Энэ жил  манай сургуулийн хувьд их бүтээн байгуулалтын он жил байлаа. Хичээлийн I байрыг Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр 172 сая төгрөгийн их засварт оруулсан. Мөн Канадын сайн дурын мэргэжилтнүүдтэй хамтран бага сургуулийнхаа орчныг тохижууллаа. Голомт банкны санхүүжилтээр сургуулийн гадна биеийн тамирын талбайг биеийн тамирын багш, ажилчдынхаа оролцоотой тохижууллаа” гэв.

Шинээр  нээгдэж буй хоёр  ангид 6 настнууд сурах аж. Жил бүр элсэн орох 6 настнууд маань сургалтын орчин бүрдсэн, дулаан тохилог анги танхимд хичээллэх боломжтой болжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ