Залуу эрдэмтдийн "Хүрэлтогоот" ЭШБХ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2017-10-07 12:40:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион "Хүрэлтогоот" эрдэм шинжилгээний бага хурал /ЭШБХ/ өнөөдөр эхэллээ.

Уг ЭШБХ нь залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлын арга зүйн мэдлэг, түвшинг дээшлүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Хурлын үеэр залуу эрдэмтэн, судлаач, эрдэмтэд, багш нар эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнг харилцан мэдээлэх, шүүн хэлэлцүүлэх, шинжлэх ухаан технологийн шинэлэг үр дүн, ололт амжилтаас харилцан суралцах, онолын маргаан явуулах, дотоод гадаадын нэрт эрдэмтдийн ажлын туршлага арга барилаас суралцах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

ЭШБХ нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Хөдөө аж ахуй, Техник технологи, Нийгэмийн ухаан гэсэн 6 салбараар зохион байгуулагддаг бөгөөд дунджаар 500 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, бүтээлээ хэвлүүлэн оролцдог.

Салбар хуралдаануудаас эхний шатанд шалгарсан нийт 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт  БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грантыг хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог юм. Залуу судлаачид сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг. Мөн шилдэг бүтээлүүдэд онгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагнал олгодог уламжлалтай. 

Хурал өнөөдөр Байгалийн ухааны салбар хуралдаанаар Хүрэл тогоот төвд эхлээд байгаа бөгөөд шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдуудын төлөөллүүд уригдан оролцож байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ