"Тулга жаргалант"-ын эргэн тойронд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-07 21:37:51
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагтаа анхдагч нь болж, “Улсын тэргүүний сум” хэмээх эрхэм алдрыг жил гаруйхны өмнө хүртсэн сум бол Галуут. Сумын төв нь аймгаасаа 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайд оршдог бөгөөд өдгөө 4000 орчим хүн амтай, 240 мянган толгой малтай.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 2006 онд Л.Чинбат захиралтай Гацуурт ХХК-нд Галуут суманд  үйл ажиллагаа эрхлэх MҮ-011917 тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон ч олборлолт, үйл ажиллагаа явуулаагүй  байна. Уг лицензийн эрхээ 2017 онд “Тулга жаргалант” ХХК-д шилжүүлэн өгчээ. Эрхээ авсан компани үйл ажиллагаагаа явуулахаар болоход Галуут сумын ард иргэдийн эсэргүүцэлтэй тулсан аж. 
Ийнхүү Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн 3-р багийн Их дугуйд уул уурхайн олборлолт явуулахгүй, улмаар “Тулга жаргалант” ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардсан иргэдийн тэмцэл наймдугаар сараас өрнөжээ.
“Хэрэв дээрх компани олборлолт явуулж эхэлбэл "Үнэгт" багийн нутаг дэвсгэр дэх Их дугуй, Дэл хайрхан, Агдын ам, Оруулгын ам, Нарийны, Ар булгийн ам зэрэг голын хавцал дагуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон газар сүйдэж, Өлзийт гол, цаашлаад Бөөнцагаан нуур ширгэх аюул нүүрлэж болзошгүй байна” хэмээн үзэж, нутгийн хэсэг хүмүүс нийлэн тэмцэлд “гарсан” байдаг.

Есдүгээр сарын 12.
Галуут сумын Үнэгтийн 3-р багийн Их дугуйд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцсэн хэсэг иргэн есдүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн төвд ирж, аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай уулзжээ. Уулзалтад холбогдох газрын дарга нар тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд байлцсан аж. Нүүр тулсан, ширүүхэн уур амьсгал бүхий тус уулзалтын дүнд аймгийн Засаг дарга “Тулга жаргалант” ХХК-нийн үйл ажиллагааг таслан зогсоох, Галуут сумын Үнэгтийн 3-р багийн Их Дугуйд ажиллуулахгүй байх захирамж гаргахаар болсон байна. Ашигт малтмалын газрын зөвшөөрөл бүхий уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх аймгийн удирдлагуудад үгүй тул хуулийн хүрээндээ хэрхэж болох бүхий л арга хэмжээг авна гэдгээ тэрээр хэлжээ. Гэвч энэ компанийг ажиллуулахгүй гээд явуулчихсаны дараа нутгийн зарим болчимгүй иргэд тэр хавийн газар нутгаа ухаж сэндийлээд хаячих вий гэсэн болгоомжлол байгаа гэдгээ Засаг дарга мөн үеэр хэлж байсан.

Есдүгээр сарын 20
Баянхонгор аймгийн Галуут, Бууцагаан сумын иргэд тус суманд "Тулга жаргалант" ХХК хууль бусаар алт олборлох гэж байгааг эсэргүүцэж Улаанбаатар хотод Хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдгээр иргэд аймгийн удирдлага, аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, БОАЖЯ-д хандаад эерэг хариу аваагүй тул олон нийтэд мэдээлэл хийхээр болсноо хэлэв. Галуут сумын газар нутгийг ухах биш, улсын хамгаалалтад авах нь зөв гэдгийг тухайн иргэд хэлж байсан.

10дугаар сар.
Хэргийн мөрөөр хэвлэл мэдээллийнхэн Баянхонгор аймагт ажиллаж, балаг тарьсан уул уурхайн асуудлаар орон даяар “шуугиж” эхлэв.
 
Баянхонгор аймгийн Төв, Галуут суманд 1961 оныг хүртэл төвлөрч байгаад МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 4-р сарын шийдвэрээр Засгийн газрын комисс, Геологи шинжилгээний газрын шинжилгээний дүгнэлт, аймгийн Намын хороо, захиргааны саналыг үндэслэн Номгон уулын арын хөндий, Түйн голын хөвөөнд суурьшсан түүхтэй. Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай тус нутгийнхан хэзээнээс нааш бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар ашиглаж заншжээ. Адуу, үхрийг голчлон өсгөдөг сүүлийн жилүүдэд адуу, үхрийн тоогоор аймагтаа тэргүүлдэг байна.
Галуут суманд уул уурхайн Ашиглалтын лицензтэй 15, Хайгуулын лицензтэй 7, Нөхөн сэргээлтийн 2 компани үйл ажиллагаа явуулж байна. “Хэргийн эзэн” “Тулга жаргалант” ХХК-ийн хувьд наймдугаар сард үйл ажиллагаагаа явуулах газар буюу Галуут сумын Их дугуй гэх газар уурхайчдын кэмп /хотхон/-ээ байгуулж эхэлсэн бөгөөд мөн үеэс л иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ.
Миний бие сэтгүүлчийн хувиар “Тулга жаргалант” ХХК-нийн дарга н.Мөнхболдтой хоёр ч удаа утсаар холбогдож, биечлэн уулзаж тодруулга авах хүсэлтээ хэлсэн ч “нүүрэлдэж” амжаагүй л явна. Утсаар өгсөн товч мэдээллийг тодруулбал, “Манай компани хууль бус үйл ажиллагаа явуулаад нутаг орон, амьтан хүнд гай тарьсан зүйл байхгүй. Хуулийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр кэмпээ байгуулаад төвхнөх явцдаа ийнхүү эсэргүүцэлтэй тулсан. Холбогдох газрууд хуулийн дагуу шийдэж өгөх байлгүй дээ. Манай зүгээс буруудсан зүйл байхгүй” гэсэн юм. Тэрээр “Танайх бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм биш үү, асуудалгүй байсан бол эсэргүүцэлд нэгдсэн иргэдэд үзүүлж болох байсан гэж ярих хүмүүс байна?” гэсэн миний асуултад “Холбогдох газрууд нь шалгаг ээ. Шалгалтаар очсон холбогдох газруудад үзүүлдэг, хэн дуртай болгон нь хөндлөнгөөс ирээд алив тэрийгээ, энийгээ гээд “далайгаад”, тэр болгонд дэлгээд байх бодол байдаггүй” хэмээсэн.
Эрүүл талбайд олборлолт явуулаад эхэлчихэж хэмээн уурссан иргэд шат шатны байгууллагад хандсанаар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан гэх "Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолгож чадсан. Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг ийн таслан зогсоожээ.
Саяхан БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүртэл газар дээр нь ажиллажээ. Харин Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тус нутагт ажиллахаар энэ сарын 7-ны орой Галуут сум руу төвийн хэсэг сэтгүүлчдийн хамт хөдөлсөн.


                                                                                         /Үйл явдал хэрхэн үргэлжлэхийг мэдээлэх болно/
                                                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ