Бага ангийн багш нарыг чадвахжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 19:41:39
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Олон улсын багш нарын баярыг тохиолдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 27 сумын бага ангийн 35 залуу багшийг хамруулсан зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгууллаа.

Хүүхэд нэг бүрд хүрч ажиллах, хүүхдийг уламжлалт аргаар хүмүүжүүлэх, гарын доорх материал ашиглах зэрэг өөрсдийн арга барилыг харуулсан олон сэдвүүдээр зөвлөлгөөнд оролцсон багш нар илтгэл тавьсан юм. Хүүхдийг сургалтын шинэ системээр хөгжүүлж, багаас нь биеэ даах чадвар суулгах явдал хамгийн чухал хэмээн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхчимэг хэлэв.

Энэ жил аймгийн хэмжээнд 2000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Бага ангийн хүүхдүүдийн биеэ даан сурч, сурагч болох эхлэл энэ үеэс эхэлдэг байна. Гэвч нэг ангид 40 орчим хүүхэд байдгаас хүүхэд нэг бүрд хүрч ажиллахад хүндрэлтэй байгааг багш нар хэлж байна. 

Сурагч бүрийг оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зохих чадамжтай, бие даан суралцан ажиллаж, амьдрах чадвартай болгож, хөгжих, төлөвших нөхцөлийг бүрдүүлэхэд “Бага боловсролын үйлчилгээ”-ний зорилго оршдог. Хөрсөн дээр үүнийг хэрэгжүүлэх бага боловсролын залуу багш нарыг чадваржуулснаар хүүхэд бүрийн суурь зөв тавигдана гэдгийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Дашцэрмаа онцолсон юм.

Т.Төмөр



Холбоотой мэдээ