Үзлэгт хамрагдсан иргэдийн 80 хувь нь өвчтэй гарчээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 13:00:35

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй нийт хүн амыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажил Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд үргэлжиллээ.

Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хорооны дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тус суманд ажилласан юм.

Энэ хугацаанд дотрын эмчийн үзлэгт хамрагдсан 162 иргэний 162 буюу 100 хувьд өвчлөл бүртгэгдэж, нийт өвчлөлийн 57 хувийг зүрх, судасны эмгэг, 23 хувийг  ходоод, элэг цөсний эмгэг, 8  хувийг бөөр, шээсний замын эмгэг эзэлж байна. ЭХО-ийн эмчийн үзлэгт хамрагдсан 241 иргэний 126 буюу 52,2 хувьд өвчлөл бүртгэгдсэн бол мэдрэлийн эмчид үзүүлсэн 127 иргэний 126 буюу 99,2 хувьд мэдрэлийн өвчлөл оношлогдож, БЗДХ-ын эмчийн үзлэгт хамрагдсан 100 иргэний 76 буюу 76 хувьд нь бэлгийн замын халдварт өвчин оношлогдсон байна.

Нүдний эмчийн үзлэгт хамрагдсан 52 иргэний 45-д, Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдсан 106 хүн хамрагдсанаас 74-д эмгэг илэрсэн ба Серилоги, иммунологийн шинжилгээнд 261 иргэнийг хамруулан, 11 төрлийн түргэвчилсэн оношлуураар 2294 шинжилгээ хийж, 261 тохиодол эерэг дүнтэй гарчээ.

Эрүүл мэндийн үзлэгт нийт 788 иргэн хамрагдсаны 640 буюу 81,2 хувьд өвчлөл бүртгэгдсэн байна.

Тус өдрүүдэд эрүүл мэндийн багаас өсвөр үеийн үе тэнгийн сургагч хүүхдүүд, сайн дурын идэвхтний чадавхижуулах сургалтыг  явуулж, төрийн албан хаагч нарт архины хор хөнөөл, дасгалт хөдөлгөөний ач холбогдол, шинээр гарч буй халдварт өвчний талаар сургалт хийн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” цэнгээнт бүжгийг зохион байгууллаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ