Ногоон хөгжлийг дэмжсэн сургуулиудыг шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2017-10-10 16:59:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган энэ сарын 8-9-нд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд  болов.

Чуулганд нийслэл, орон нутгийн 100 гаруй сургуулийн багш ажилчид, сурагчид, яамдын албан хаагчид, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсролын мэргэжилтнүүд зэрэг нийт 330 орчим төлөөлөгч оролцож,   “Эко сургууль” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, туршлага солилцон цаашдын зорилтоо тодорхойлсон байна.  Чуулган  "Бид хамтдаа өөрчилж чадна"  уриан дор болсон бөгөөд уулзалт хэлэлцүүлгээс гадна хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан аж. 

Мөн тус хөтөлбөрт  манлайлж буй  сургууль, хамт олныг “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, “Ногоон туг” шагналаар урамшуулжээ. Олон улсын эко шошгын эзэн буюу Ногоон тугийн анхдагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний нэгдүгээр 10 жилийн сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургууль, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор, 58 дугаар сургуулиуд шалгаруулсаны зэрэгцээ “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ” шагналыг нийт 25 сургуульд гардуулсан байна.  Өөрөөр хэлбэл, Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, анги танхим, хүрээлэн буй орчноо ногооруулж, эрүүл аюулгүй болгосон зэрэг шалгуураар дээрх шагналыг олгожээ.

Ногоон тугийн эзэн болсон Мандал сумын Улсын тэргүүний нэгдүгээр 10 жилийн сургууль гэхэд сургуулийнхаа гадаад дотоод орчноо ногооруулж, багш сурагчиддаа ногоон хөгжлийн боловсрол олгон, сургуулийн орчин төдийгүй сумандаа хог хаягдал хаядаггүй болсон гэх шалгуураар дээрх шагналын эзэн болжээ.

БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол”  төслийн хүрээнд уг чуулганыг зохион байгуулсан аж. ISO14001 стандартад суурилсан “Эко сургууль” хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сангаас дэлхийн 64 улс орны 49000 гаруй сургуульд өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг байна.  
Б.Туул
Холбоотой мэдээ