Залуусыг ажилтай, орлоготой болгохоор 24 тэрбумыг төсөвлөсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-11 16:33:03

УИХ-ын чуулганы хуралдаан ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлагын хугацаа дууссаны мэдэгдээд монгол цэрэг бүтээн байгуулалтад оролцоход 24 тэрбум төгрөг төсөвлөх тухай саналаас эхэлж хуралдаанаа үргэлжлүүлэхийг хүсэв.

Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтад дайчлах ажилд 24 тэрбум төгрөг суулгах асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцээд 54,7 хувийн саналаар гишүүд дэмжсэн юм. Уг асуудлаар цөөнх болсоны хувьд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "10 мянган цэрэг хөлсөлж зам барих асуудлыг байнгын хорооны хуралдааны үеэр ярих үед би эсэргүүцсэн. Ийм компанчилсан арга хэмжээ авч болохгүй. Цэргээр төмөр зам бариулна гэдэг бол олон улсын конвенцийг зөрчсөн хэрэг болно" гэлээ.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, "Манай улс 2005 онд албадан хөдөлмөр эрхлэх тухай конвенцид нэгдсэн. Үүнтэй уялдуулж 2010 онд манай улс хууль эрх зүйн орчноо нийцүүлсэн.

Хоёрдугаарт, бид бүх аймгаа хар замаар холбоод дуусч байна. Одоо төмөр замаа тавих нь чухал байна. Бүтээн байгуулалтын ажилд гадныхан орж ирдэг. Үүний оронд монгол залуусаа оролцуулья гэсэн юм. Энэ ажилд оролцох залуусыг эхлээд мэргэшүүлнэ. Дараа нь ажилтай, орлоготой, хуримтлалтай болгоё гэж яриад байгаа юм” гэсэн тайлбар хийв.

Ирэх оны төсөвтэй холбоотой нийт 100 гаруй саналаар санал хураахаас одоогоор 20 дахь санал дээрээ хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ