2017 онд 160 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-14 14:35:15
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт энэ онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус хаалтын үйл ажиллагаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.

2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөг, Орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 415.0 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөг, Орон нутгийн төсөв болон замын сангийн 5.4 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 160 орчим төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ.
Тодруулбал гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах үүднээс 6,7,8-р багийг холбосон хатуу хучилттай автозам барьсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс 9,10-р багт мод тарьсан, явган хүний замыг шинээр хийсэн, гэр хорооллын өндрийн гэрэлтүүлэг, "Шарилжгүй-Дархан дэд хөтөлбөр" зэрэг бага зардлаар их ажлыг хийж  хэрэгжүүлсэн жил болсныг онцоллоо. Мөн 2013 оноос эхэлсэн “Жишиг хороолол” төслийг үргэлжлүүлэн "Жишиг хороолол-5" хөтөлбөрийг Дархан сумын тавдугаар багт эхлүүлж амжилттай дуусгасан байна.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хаалтын үйл ажиллагаанд Шилдэг бүтээн байгуулагч цом өргөмжлөлөөр “Дархан Трейд” ХХК, “Дархан хөлөг” ХХК, “Дархан Азза” ТӨХК шагнагдсан бол Шилдэг бүтээн байгуулагчаар “Огторгуйн бүтээл” ХХК, “ОДНД” ХХК, “Билэг зоос” ХХК, “Лед сити” ХХК, “Жимс ногооны залуус” НҮТББ, иргэн Орхонтуул, З.Төгс-Итгэлт, Т.Мөнхжаргал, Р.Оюунчимэг нар тус тус шагнагдаж хийсэн ажлаа үнэлүүллээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ