Хөгжингүй улс оронд суралцах 49 эмчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-19 14:31:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг, Дэд сайд Л.Бямбасүрэн нар энэ онд гадаадад суралцах эмч нартай уулзлаа.
2017 онд  эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28 өвчнийг эмчилдэг болохоор салбарын яамнаас эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар эрхийн бичиг олгосны дагуу олон улсын харилцагч мэргэжил нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэжээ.
Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг хэлэхдээ, “Эхний ээлжинд БНСУ-д 26, БНЭУ-д 11, Япон улсад 8, ОХУ-д 4 нийт 49 эмч багаараа суралцах юм. Сургалтад хамарч буй эмч мэргэжилтнүүд сайн сурч, мэргэшиж ирээд ард түмэндээ хэрэгцээтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг эзэмшихээс гадна судалгаа гарган Эмнэлгийн удирдлагууддаа уламжилж захиалга өгч, удирдлагууд нь 2018 онд төсөвт суулгах чиглэлээр ажиллах, суралцаад ирэхэд нь эмч нарын ажиллах нөхцөл орчныг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Энэхүү арга хэмжээ нь иргэд гадаадад эмчлүүлэх урсгалыг багасгах зорилгоор 28 чиглэлээр багаар нь сургана гэж төлөвлөсний дагуу та бүхнийг мэргэшүүлэхээр томилж байгаа явдал юм” хэмээн онцлов. 
Ж.Болор
Холбоотой мэдээ