Түвшинширээ сум нэгдсэн хогийн цэгээ цэгцэлж, байнгын харуултай болгосон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-20 11:03:58
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түвшинширээ сум нэгдсэн хогийн цэгээ цэгцэлж, үндсэн талбайг нь багасгаж, байнгын харуулын байртай болгожээ. Орон нутаг хөгжүүлэх сангаас 10 орчим сая төгрөгийг тус ажилд зарцуулж, олон жил эмх цэгцгүй байсан хогийн цэгний асуудлыг шийдвэрлэсэн байна.

Анх 560 метр га талбайг эзлээд байсан хэдэн жилийн хур хогийг цэгцэлсэн нь байгаль орчинд болоод сумын өнгө үзэмжинд  эерэгээр нөлөөлнө гэдгийг албаныхүн хэлж байна. Гурван далан болсгож, хогийг салхинд хийсч тарахаас хамгаалан хогийн цэгийн салхин доор 500 метр хашаа барьсан байна. Мөн үндсэн хогийн цэгээс өөр газар, эсвэл далангийн гадна талд хог асгуулахгүйн үүднээс хогийн цэгийг байнгын харуул хамгаалалттай болгожээ. Тусгай харуулын байр хийж, сумынхаа нэг иргэнийг тогтмол ажлын байраар хангасан байсан.

Хогийн цэгийн эргэн тойронд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ил задгай хог хаяхгүй байхыг уриалсан, хогны хор уршгийн талаар таниулсан утга бүхий самбаруудыг байрлуулжээ.

Тус ажлыг аймгийн Сүхбаатар тохижилт Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/ гүйцэтгэсэн аж.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ