Машины ченжүүд худалдах машинаа зөвшөөрөлгүй хот руу оруулдаг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-13 11:51:43

Авто машины ченжүүд Замын-Үүдийн хилийн боомт дээр худалдах машинаа буулгаад тэндээс жолооч хөлсөлж Улаанбаатарт авчирч худалдаалдаг болсон байна.

Ингэснээр ченжүүд нэг сая хүртэлх төгрөгийн ашгийг унагадаг гэнэ.Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь “prius”. Нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр хөлсөлдөг. Хөлсний жолооч нь зам зуураа бас Сайншанд, Замын-Үүдээс Улаанбаатар руу хүн тээвэрлэдэг байна. Энэ бол  оношилгоо, даатгалд хамрагдаагүй, дугаар гэрчилгээгүй машинаар хүн тээвэрлэх зөрчлийг ч үүсгэжээ. Дорноговь-Улаанбаатарын чиглэлийн автозамд энэ оны эхний арван сарын байдлаар 65 автомашины осол гарч 29 хүн амь насаа алдсан байна. Уг автозамаар 80 км/цаг хүртэлх хурдтай зорчихыг зөвшөөрдөг боловч дээрх “prius”-үүд 100-130 км/цагийн хурдтай уралдан давхидаг байна. Иймд цагдаагийн байгууллагаас дээрх бүрэн бүтэн эсэх нь тодорхой биш оношилгоо, даатгалд хамруулаагүй автомашинаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Гэтэл дээрх “prius”-үүд ямар ч оношилгоонд орохгүйгээр 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхихдаа салхитай үед хурд хэтрүүлбэл замын хажуу тал руу хийсэхийг ч үгүйсгэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Замын –Үүдээс улсын дугааргүй автомашины жолооч хүн тээвэрлэж байгаа зөрчил гарч байна. Үүнийг орон нутгийн замын цагдаа нар илрүүлж байгаа. Илрүүлсэн тохиолдолд автомашиныг нь журамлах ёстой" гэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ