Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийн талаар мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-30 15:59:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ийн хөдөлмөрлөх эрх, ажиллаж амьдрах орчин нөхцөл, нийгмийн өмнө тэдэнд тулгамдаж буй саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаарх сургалтыг "Тэгш дүүрэн холбоо" ТББ-аас зохион байгууллаа. Сургалтад Баруун-Урт, Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдын ХБИ-ийн төлөөлөл болон түүнтэй холбогдох төрийн албан хаагч нар хамрагдлаа. Тус аймгийн хэмжээнд 2200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагааг төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагаас гээд багагүй хийж байгаа. Гэхдээ ХБИ-ийн хувьд орон нутагтаа ажиллаж амьдрахад амьжиргаа нь, нөхцөл нь яг ямар байгаа болон яаж эдгээр иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх вэ, хэрхэн  хөдөлмөрт бэлтгэх вэ гэдэг аргазүйн талаар бид хамтран ярилцаж байна. Хөдөө орон нутагт байгаа болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ХБИ-ийн хооронд мэдээлэл, орчин нөхцөл, дэд бүтцийн хүртээмж гээд олон ялгаа бий. Тийм учраас эдгээр хүмүүст чиглэл өгөх үүднээс ХБИ-ийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Засгийн газрын тогтоолоор байгуулж байгаа. Энэ нь эдгээр иргэдийн асуудлыг төрийн түвшинд хүлээж авах боломжтой болж байна гэсэн үг...” хэмээн "Тэгш дүүрэн холбоо" ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт хэллээ.

Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч өөрөө хичээх юм бол болохгүй зүйл гэж байхгүй, сум орон нутгийн хэмжээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж яваа хүн олон байдаг. Тэдний нэг бол Асгат сумын иргэн, "Уран шаглаа" оёдлын үйлдвэрийн эрхлэгч М.Цогзолмаа юм. Тэрээр хэлэхдээ “Өөрийгөө завгүй байлгаад, ажил хийгээд байвал биеэ чагнаад байхгүй, их амар байдаг. Юмаа оёод, хүмүүстэй харьцаж л байвал биеийн зовиураа мартчихдаг. Ер нь хүн өөрөө л хүсэх юм бол юуг ч хийж болно гэж би боддог. Би хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрөө өөрийгөө голох хэрэггүй. Би анх багахан зээл авч оёдлын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Дараа нь Сум хөгжүүлэх сангаас дахин найман сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Одоо манай оёдлын үйлдвэр дөрөв дэх жилдээ амжилттай ажиллаж байна...” гэсэн юм.
"Тэгш дүүрэн холбоо" ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон тэднийг чадавхжуулах, нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаас гадна төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийдэг. Энэ онд өөрийн үйл ажиллагаагаа дөрвөн дүүрэг, дөрвөн аймагт явуулахаар сонгон ажиллаж байгаа ажээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ