“Хуучин тосгон”-ыг дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-30 19:30:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь онцлох сэдэв байлаа.
1960-1969 онуудад баригдсан Дархан сумын 6 дугаар багт хойд чиглэлийн авто зам дагуу байрлалтай хоёр давхар тус бүр найман айлтай найм, 5 дугаар багт байрлалтай хоёр давхар модон бүтэцтэй тус бүр найман айлын долоо, 4 дүгээр багт байрлах 2, 3, 4, 5 дугаар байр нийт 19 байр бий. Эдгээр орон сууц нь газар хөдлөлт, галд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тул буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шаардлагатай болсныг энэ үеэр онцоллоо. 

“Хуучин тосгон” буюу дарханчуудын нэрлэж заншсанаар "барак" байруудыг дахин төлөвлөлтөд оруулах нь Дархан сумын 5, 6 дугаар багийн иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил бөгөөд 6 дугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч Г.Эрдэнэсүх уг ажлыг санаачлан хэрэгжүүлж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулсныг сайшааж,  2018 оны төсөвт багтаан шийдвэрлэхээр дэмжлээ.

Дархан сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийт 12 байранд 80 гаруй айл өрх амьдардаг бөгөөд эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөл муу,  аюулгүй орчин бүрдээгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас 10-аад жилийн өмнө гаргаж байсан ч дахин төлөвлөлтөнд орох үгүй нь шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн.

Эхний ээлжинд 3 байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон ба аймгийн Засаг дарга, газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчид нь 3 талт гэрээг байгуулж, төслийн үйл явцыг хянах, гомдол санал хэлэлцэх нөхөн олговрыг тогтоох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороог байгуулан ажиллах ажээ.
Дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөний дагуу төслийн эхний шатанд хийгдсэн зөвшилцлийн загвар зурганд үндэслэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэж улсын магадлалаар баталгаажуулах, батлагдсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж графикийн дагуу гүйцэтгэн ашиглалтад оруулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэхэд иргэд түр суурьших орон сууц руу нүүх шаардлагатай бөгөөд түр орон сууцаар төсөл хэрэгжүүлэгч хангах, төсөл хэрэгжүүлэгч  газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төлөөлөн эрхийг шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Дархан хотын анхны дахин төлөвлөлтийн барилга  тус барак байж болж байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ