С.Амарсанаа: Нийгмийн хувьсгалын үр дүн нь анхны чөлөөт, ардчилсан сонгууль

ТОЙМ
admin@example.com
2015-09-07 14:34:46

“Монголчууд 1990 оноос өмнө тухайн үед эрх барьж байсан цорын ганц намаас нэр дэвшсэн нэг л хүний төлөө, бараг албан тулгалтаар сонгууль өгдөг байлаа. Хэрвээ сонгуулийн насанд хүрсэн иргэн сонгуулиа өгөхгүй бол сахилгын арга хэмжээ авахуулахад хүрдэг байв. Сонгуулийн дүн тодорхой, нөгөө өрсөлдөгчгүй нэр дэвшигч нь ихэнхдээ 99.99 хувийн санал авч АИХ-ын депутат болно. Харин 1989 оны 12 дугаар сарын 10-нд эхэлсэн нийгмийн өөрчлөлт, ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийн үр дүнд 1990 оны 7 дугаар сард болсон АИХ-ыг сонгох сонгууль бол анхны чөлөөт, ардчилсан, олон намын төлөөлөл болон нам бусчууд сонгогдох эрхээ эдэлсэн, монголчуудын хувьд цоо шинэ, дэлхий дахинаа энэ улсыг ардчилал шинэчлэлийн замыг эргэлт буцалтгүйгээр сонгожээ гэдгийг зарлан тунхагласан үйл явдал байв.

Энэ сонгуулиар ард иргэд бас хэнээс ч хараат бусаар сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн олон хүний дундаас өөрийн итгэл хүлээлгэсэн хүнээ сонгож саналаа өгсөн юм.

Мэдээж анхны гэдэг утгаараа туршлага дутсан, хүмүүсийн сэтгэлгээ шинэ зүйлд дасаагүй гэх мэт олон бэрхшээл байлаа. Сонгуулиас өмнөхөн байгуулагдсан улс төрийн шинэ хүчнүүдийн хувьд наад зах нь боловсон хүчин, хөрөнгө мөнгөний хомсдол дор сонгууль болсон. Өөрөөр хэлбэл хүч тэнцвэргүй сонгууль байжээ.

Тухайн үед засгийн эрх барьж байсан МАХН гэхэд хөрөнгө мөнгөтэй, бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрийн мэдэлд байлгаж байв. Намынх нь бүтцийн байгууллагууд бүх орон даяар ажилладаг. АИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ихэнхийг тухайн үед сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан хүмүүс эзэлж байсан. Тэдэнд улс төрийн шинэ намуудтай харьцуулахын аргагүй давуу талууд байв. Харин анх удаа сонгуульд оролцон өрсөлдөж байгаа шинэ намууд, тухайлбал МоАН-ын хувьд сурталчилгааны ганц автобустай, түүгээр нэр дэвшигчид нь ээлжлэн явж сурталчилгаагаа хийдэг, “Ардчилал” гэдэг ганц сонинтой, тэр нь хэвлэл захиалгад ороогүй учраас гишүүд, дэмжигчдийнхээ хүчээр иргэдийн гар дээр хүргэдэг байсан. Ялангуяа орон нутагт сурталчилгаа хүргэх асуудал их хүндрэлтэй. Тухайн үед Засгийн газраас бүх намуудын нэр дэвшигчдэд танилцуулга хэвлэж өгч байсныг л ардчилсан хүчнүүдээс нэр дэшигчид энд тэнд аль бололцооны хэрээр нааж, иргэдийн гар дээр тараан сурталчилгаагаа хийж байлаа шүү дээ. МоАН-аас нэр дэвшигчдийн ихэнх нь залуучууд байв. Хамаг нөөц бололцоогоо дайчлан нэр дэвшүүлж байсан юм.

Хамгийн гол нь иргэд 1990 оны тэр АИХ-ыг сонгох сонгуульд өмнөхөө бодвол хамаагүй эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, урам зоригтой саналаа өгч байсныг би ер мартдаггүй юм. Сонгуулийн идэвх маш сайн байсан. Яагаад гэвэл үйл явц өөрөө сонирхолтой байжээ. Сонгуулийн сурталчилгаа гэж мэддэггүй байсан иргэдийг татах гэж энд тэндгүй нэр дэвшигчдийн уулзалт болоод, өмнө нь ярихад хориотой байсан сэдвээр хүртэл чөлөөтэй яриад л...Хүсэхгүй бол сонгууль өгөхгүй байсан ч болно. Энэ утгаараа тэр сонгууль бол монголчуудын хувьд улс төрийн сонгуульд цаашдаа оролцох хичээл байсан юм. Улаанбаатар хотын хувьд лав сонгуулийн элдэв булхай луйвар гараагүй юм даг. Сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Япон зэрэг олон орноос ажиглагчид ирсэн. Тэд сонгуулийг ажиглаад ихээхэн сэтгэгдэл өндөртэй байгаагаа хэлж байсан“ хэмээн Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойн босгон дээр Ардчилсан хувьсгалын анхны Ерөнхий зохицуулагч гишүүдийн нэг, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа тэртээ 25 жилийн өмнөх өдрүүдийг дурсан ярьж байна.

Ардчилсан хувьсгалын анхны Ерөнхий зохицуулагч гишүүдийн нэг, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа

Ардчилсан хувьсгалын анхны Ерөнхий зохицуулагч гишүүдийн нэг, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа

Тэрбээр цааш нь “Миний хувьд харин сонгуулийн дүнд сэтгэл дундуур үлдсэн. Залуу байсан, бас ардчилал шинэчлэлийг хийх үйл явцын цөмд нь явсан хүний хувьд ард түмэн маань ардчилал, эрх чөлөөг дэмжээд л шинэ хүчин, шинэ хүмүүсийг сонгочих юм шиг л бодож байсан. Гэвч АИХ-ын депутатын 430 суудлын 343 суудлыг МАХН авчихсан. Долоо, найман сар тэмцсэний эцэст анх удаагаа олон нам оролцсон, чөлөөт сонгууль явуулсан чинь гол зүтгэл гаргасан улс төрийн шинэ намуудын нэр дэвшигчдээс 30 гаруйхан суудал л авсансан.

Сонгуулийн дүнд засгийн эрхэнд нөгөө л хуучин нам гараад ирсэн. Хүмүүс их балмагдсан. Гэхдээ анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн үр дүнд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс болон улс төрийн хүчнүүдэд шийдвэр гаргах төвшинд зохих хэмжээгээр оролцох боломж нээгдсэн. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд ардчилсан хүчний төлөөлөл болж Да.Ганболд, Д.Дорлигжав нар Шадар сайдаар ажилласан.

АИХ-аас Байнгын ажиллагаатай анхны парламент Улсын Бага Хурлыг байгуулахад намуудын сонгуульд авсан саналыг хувь тэнцүүлэн тооцож суудлыг нь хуваарилсан. Ингэснээр ардчилсан хүчний төлөөлөл Улсын Бага Хурлын 53 суудлын 20-ыг нь авч байлаа.

Хуульч Б.Чимэд гуайгаар ахлуулаад Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулахад ардчилсан хүчнүүдээс түүнд хамаг л шилдэг боловсон хүчнүүдээ томилон оруулсан. Тухайлбал, Б.Галсандорж, О.Очиржав нарын хуульчид ажлын хэсэгт ажилласан. Бид бол дэлхийн голлох орнуудын Үндсэн хууль ямар байдаг талаар тодорхой мэдлэгтэй байсан. Учир нь О.Очиржавт өөрөө Москвагийн ОУХДС төгссөн учраас “Өрнөдийн орнуудын Үндсэн хууль” гээд ОУХДС-ийн сурах бичигтэй. Дэлхийн голлох орнуудын Үндсэн хууль энэ номд багтсан байсныг бид дамжуулж үзсэн. Нөгөө талаар анх жагсаал хийхдээ бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг судлаад амьдралд хэрэгжүүлэх шаардлага тавьж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй ардчилсан орнуудын Үндсэн хуулийг харахад Хүний эрхийн түгээмэл тунхаглалтай маш сайн уялдуулж боловсруулсан байсан. Тиймээс бид шинэ Үндсэн хуулийн төслийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалтай маш сайн уялдуулах саналаа хэлж тусгуулсан. Энэ нь ч хэвээрээ батлагдсан. Ер нь анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн гол үр дүн бол Монгол Улсын шинэ Үндсэн хууль шүү дээ. Энэ хууль өнөөгийн манай амьдралын гол үндэс суурь болоод хэрэгжиж байна” хэмээн ярьсан юм.

“25 жилийн өндөрлөгөөс ардчилсан хувьсгалын үр дүнг гадны зарим улс оронтой харьцуулан эргэн харахад манай улс өөрийнхөө онцлогт тохируулаад богино хугацаанд зөв бодлого явуулсны үр дүнд улс төр, эдийн засгийн шинэчлэлийг амжилттай хийж, шилжилтийн хүнд үеийг богино хугацаанд даван туулсан санагддаг. Манайхтай цуг шинэчлэл эхлүүлсэн зарим оронд дайн, заримд нь задрал болсон шүү дээ. Румыны цуст хядлага, Югославын задрал гэх мэт. Бид үүнээс тэс өөр, тайван замаар ардчилал шинэчлэлийг хийж чадсан.

Ардчилсан хувьсгалын хүчинд 1990-1992 оны хооронд шинэ Үндсэн хууль батлагдтал 2 том ажил хийсэн. Энэ нь өмч хувьчлалыг эхлүүлж, иргэдэд гадаад паспортыг чөлөөтэй олгож гадаадад зорчих эрхийг нь нээж өгсөн явдал юм.

Анх бид өөрчлөлт шинэчлэл гэж гарч ирсэн ч нийгмээ үндсээр нь өөрчилсөн. Хүний эрхийн түгээмэл тунхаглалийг амьдралд хэрэгжүүл. Олон намын систем бий болго. Байнгын ажиллагаатай парламент бий болго. АИХ-ын сонгуулийг 1990 оны эхний хагаст багтааж хий. Хэвлэлийн эрх чөлөөг бий болго гэх зэрэг 13 төрлийн шаардлагыг 1989 оны 12 дугаар сарын 10-нд жагсаал хийхдээ тавьж байсан. Эдгээрийгээ амьдралд хэрэгжүүлсэн. Нам, төрийг зааглаж, МАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, зөвшилцлийн ширээнд сууж явлаа.

Энэ агуулгаараа 1990 оны нийгмийн өөрчлөлт бол бүхий л шинжээрээ Ардчилсан хувьсгал байсан. Үүнийг өнөөдөр нийтээр хүлээн зөвшөөрч байгаа нь зүй ёсны хэрэг юм. Бидний тавьж байсан шаардлагууд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд биеллээ олсон.

Эцэст нь хэлэхэд, мэдээж сэтгэл дундуур юм байлгүй яахав. Өнгөрсөн хугацаанд монголчууд маш олон газраар яваад үзчихлээ. Дэлхий ертөнц ямар хөгжилтэй байгааг хараад нүд тайлчихлаа. Тэр утгаараа ард иргэд нийгмийн хөгжлийг улам түргэтгэхийг хүсч байна. Харамсалтай нь манай улс төрийн удирдлага ард түмнийхээ хүслийг гүйцэж чадахгүй байна. Гэхдээ бидний сонгосон ардчилсан тогтолцооны гол онцлог нь болохгүй бол сонгуулиар төрийн эрх барих байгууллагаа сольдог явдал шүү дээ...” хэмээн тэрбээр үгээ дуусгасан юм.

Ардчилсан улс төрийн хүчний төлөөлөгчид сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа нь. 1990 он

Ардчилсан улс төрийн хүчний төлөөлөгчид сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа нь. 1990 он

Сонирхуулахад, Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг С.Амарсанаа нь 1990 оны АИХ-ын сонгуульд МоАН-аас Улаанбаатар хотод нэр дэвшсэн ч түүний өрсөлдсөн тойргоос нэрт эрдэмтэн, палеонтологич Р.Барсболд депутатаар сонгогдож байжээ.

Ш.Батболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • Ts.Bayar 122.201.22.34 1653 өдөр

    2019 ond bichej baina ene commentig. Heze 1 udur hen 1nn ene medeeg unshval bi sain baigaa shuu kkk.