Орос болон Өмнөд Солонгосын харилцан итгэлцэл хангалтгүй түвшинд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-02 10:05:19
МОСКВА. /ТАСС/. Өмнөд Солонгос улс Оростой харилцаагаа хөгжүүлэх болно. Одоохондоо хоёр орны харилцан итгэлцэл хангалтгүй түвшинд байна гэж Өмнөд Солонгос улсаас ОХУ-д улсад суугаа шинэ элчин сайд У Юн Гын лхагва гарагт мэдэгдсэн тухай “Ёнхап” агентлаг уламжлав.

“Сүүлийн жилүүдэд хоёр орон харилцан хүчин чармайлт гаргаж байгаа боловч итгэлцлийн түвшин хангалтгүй байна. Манай засгийн газар Оростой илүү найдвартай харилцаа тогтоохыг зорьж байна. Юуны түрүүнд эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь үр дүнтэй байх боломжтой” гэж үзэж буйгаа У Юн Гын илэрхийлжээ.

Орос улс Умард Солонгост ятган итгүүлж, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн санаархлаас нь татгалзуулж чадах болов уу гэсэн асуултад У Юн Гын “Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох асуудалд Орос чухал үүрэг гүйцэтгэх чадвартай. Энэ талаар надад тодорхой мэдээлэл байхгүй ч, Орос улс энэ асуудлаар үүрэг гүйцэтгэх байх хэмээн бодож байна” гэж хариулжээ.
Э. Аянзаяа
Эх Сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ