Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээх боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-02 12:06:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбоо-Монгол Улсын хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон. Харин өнөөдөр Европын холбооны Төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах Гэрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурлаа. Ингэснээр ЕХ-Монгол Улсын харилцаа шинэ шатанд гарч байна.

Европын холбооноос /ЕХ/ Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй ЕХ-ны гишүүн орнуудын 20 гаруй Элчин сайд, ахмад дипломат ажилтнууд Улаанбаатар хотноо жил бүр болдог Монголын төр засгийн удирдлагуудтай хийх ээлжит уулзалтад оролцож байгаа. Энэ удаагийн уулзалтаар ЕХ-Монголын харилцааны талаар санал солилцох, хамтын ажиллагааны хүрээг хэрхэн бэхжүүлэх, хөхиүлэн дэмжих, өргөжүүлэн тэлэх талаар ярилцахаар зорьсон юм.



ЕХ-Монгол Улсын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” 2017 оны 11 дүгээр сарын 1 буюу өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Уг хэлэлцээр нь нэг талаас ЕХ ба түүний гишүүн орнуудад, нөгөө талаас Монгол Улсад хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ерөнхий хүрээ, эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. Хэрэгжилт нь улс төр, эдийн засаг, салбарын хамтын ажиллагааг өргөн хүрээнд бэхжүүлэх бөгөөд энэ нь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх бидний хандлага тууштай байгаагийн илэрхийлэл юм. Энэ удаагийн уулзалтаар хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлж эхлэх талаар ЕХ болон гишүүн орнуудтай харилцан ярилцах боломж олгож байгаа юм. Мөн ЕХ-ны зүгээс худалдааны харилцаагаа бэхжүүлэх боломжууд судалж байгаа ба ЕХ-ны GSP+ тарифын хөнгөлөлтийг /хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор тэдэнд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ татваргүй эсвэл бага татвартайгаар экспортлох боломж олгодог ЕХ-ны бодлого/ илүү сайн ашиглах тал дээр Монголын бизнес эрхлэгчдэд хэрхэн туслах Монголын талын санаа оноог ярилцах аж.

Уулзалтын үеэр, өнгөрсөн гуравдугаар сард болсон ЕХ, Монгол Улсын хоорондын Хүний эрхийн асуудлаарх анхны яриа хэлэлцээний үеэр яригдсан асуудлаар зарим нэг дэвшил хэдийнэ гарч байна гэж Элчин сайд нар үзжээ.

Айлчлалын хүрээнд Элчин сайд нар төр засгийн тэргүүдэд бараалхаж, уулзалт хийсэн бөгөөд өнөөдөр ЕХТГ буюу Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах Гэрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурах ёслол боллоо.



Ёслолын дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Өнөөдөр Монголын дипломат албаны түүхэнд чухал арга хэмжээ болж, ЕХ-ны Элчин сайдын яам Монголд албан ёсоор нээгдэх болж байна. Энэ бол олон жилийн, олон үеийн дипломатуудын хүч хөдөлмөрийн үр дүн. Тийм учраас энэ дипломат албаныхандаа, ЕХ-ны төлөөлөгчиддөө баяр хүргэж байна. Хоёр талын хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтын дүнд өнөөдрийн үр дүн гарлаа. ЕХ-той олон жилийн харилцааг хөгжүүлж ирсэн. ЕХ-ны 25 улсын төлөөлөгчийн газар, ЕХ-той худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж хөгжүүлж ирсэн бөгөөд манай орны хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын түншүүдийн нэг байж ирсэн. 2016 он гэхэд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулсан. Үүний зэрэгцээ Монголд хүний эрхийн, ардчилсан тогтолцоог бий болгоход ЕХ маш их туслалцаа үзүүлж, хувь нэмэр оруулсан байдаг. Энэ удаагийн уулзалтаар түншүүддээ хандаж Монголын зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоог цаашид хөгжүүлэхэд хамтын ажиллагаа шаардлагатай байгааг хэлсэн. Тэр дундаа ЖДҮ-д анхаарлаа хандуулж, гишүүн орнуудын туршлагаас нэвтрүүлэх, судлах, харилцаа хамтын ажиллагаа тогтоох санал тавилаа” гэсэн юм.
Мөн тэрбээр “Өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж буй Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг маш олон жил хэлэлцсэн. Учир нь энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд ЕХ болон гишүүн 25 улс тус бүртээ хэлэлцэж, парламентаараа баталсан юм. Эрх зүйн шаардагдах шийдвэрүүд нь дуусч хүчин төгөлдөр боллоо. Уг хэлэлцээрээр ЕХ-Монголын харилцаа хамтын ажиллагааг хүмүүнлэг, эдийн засаг, улс төр, дипломатын салбарт хөгжүүлэх гол суурь болно. ЭСЯ байгуулна гэдэг нь хэлэлцээрийг өдөр тутамд бодитоор хэрэгжүүлэх шинэ бүтэц болж байна” гэлээ. 



ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут “Энэ удаагийн айлчлал маань шинэ Засгийн газар байгуулагдсан, бид ЕХ-ны Төлөөлөгчийн газраа нээж байгаа болон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа цаг үетэй давхцаж байна. Энэ бол маш чухал алхам, харилцаагаа шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо. Улс төрийн хэлэлцээ болон хамтын ажиллагаа маань шат ахих, мөн бидний түншлэл улам бүр бэхжих бүхий л нөхцөл бүрдэж байна. . Үүний дараа Төлөөлөгчийн газар болон гишүүн орнуудын ЭСЯ-уудын зүгээс харилцаагаа улам өргөжүүлж, дараагийн шинэ шатанд гарах сонирхолтой байна. Нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бидэнд маш том потенциал байна. ЕХ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлс олонтой, хүний эрхийг дээдлэх, ардчилал, хууль дээдлэх ёс бол бидний харилцааны үндэс суурь” хэмээлээ. Визний хөнгөлөлтийн талаар тэрбээр “Хүмүүс хоорондын харилцаа, харилцан зорчих эрхийг бүрдүүлэх гэдэг хоёр талын хамтын ажиллагаа сайн өрнөсний дүнд гардаг учир бид ирээдүйд энэ талаар ярилцана гэж итгэж байна” гэлээ.

Дашрамд дурдахад, ЕХ Монгол Улсад сайн засаглал, хүний эрх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2014-2020 онд 65 сая евро-гийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тохиролцсон билээ. Одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй орнуудад Австри, Бельги, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтаж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ