Террористууд компьютерын програм ашиглан заналхийлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-07 12:03:35
МОСКВА. /ТАСС/. Харилцуур утас ашиглан террорист халдлага үйлддэг этгээдүүд гадны орноос спам-бот компьютерын програм эсвэл интернет-утас ашиглан холбогдох замаар Орост дэлбэрэлт үйлдэнэ гэж заналхийлж байна гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Иймэрхүү төрлийн дуудлагыг голдуу компьютерын тусгай програм эсвэл интернет-утас ашиглан гадны орноос хийсэн болохыг ОХУ-ын Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд олж тогтоолоо. Хэргийн нарийн учрыг олж тогтоохоор ажиллаж байна. Шалгалтын дүн болоод хэргийн захиалагчдын талаар бид удахгүй мэдээлэл өгөх болно. Одоогоор нарийн мэдээлэл өгөхөд эрт байна” гэж Владимир Колокольцев “Известия” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

“Урьд нь иймэрхүү хэргүүдийг нислэгээсээ хоцорсон ч юм уу сургуульдаа хяналтын ажлаа өгөхийг хүсээгүй,  хийх юмаа олж ядсан балмад этгээдүүд үйлддэг байсан. Харин өнөөдөр хэргийн зорилго өөрчлөгджээ. Байгууллагын үйл ажиллагааг хутган үймүүлэх, нийгмийг айдаст автуулж, аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор ийм хэрэг үйлддэг болсон байна. Тиймээс одоо иймэрхүү үйлдэлд огт өөр хариу барих ёстой” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ