Сураггүй болсон охины талаарх мэдээллийг 50 сая төгрөгөөр худалдаж авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-11-09 12:26:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон найман настай охины талаарх үнэн бодитой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 50 сая төгрөгөөр үнэлэхээ мэдэгдэв. 

Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн III ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг энэ сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагааг Монгол Улсын хэмжээнд явуулж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаанд үр дүн өгөх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдан авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олдоогүй хэвээр байна. Эрэн хайх ажиллагаанд туслалцаа болох зорилгоор Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс баттай эх сурвалжаас өгсөн мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ мэдэгдээд байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ