Хот доторх замд цацах хоёр тн давс нөөцөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-09 13:45:26
Дундговь /МОНЦАМЭ/.Мандалговь хотын тохижилт үйлчилгээний алба хот доторх автозамд үүсэх халтиргаа гулгааг сарниулахад зориулан хоёр тн давс нөөцөлнө гэлээ. Одоогоор цас их ороогүй ч ирэх саруудад олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас унах цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Тиймээс хот доторх автозамын аюулгүй байдлыг хангах үүднээс давсны нөөцөө ойрын хугацаанд бүрдүүлэхээр болжээ.

Уржнан жил Мандалговьд ахиу хэмжээний цас орж, автозамд халтиргаа гулгаа ихээр үүссэн. Тухайн үед замын дагтаршиж мөстсөн цасыг хайлуулах давсны нөөц тус албанд тун бага байсан бөгөөд давс авах төсөв мөнгө байхгүй хэмээх мэдээллийг өгч байсан юм. Замд гулгаа үүсгэсэн цасыг тухайн үед албан байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олны хүчээр арилгаж өвлийг давсан билээ.
Харин өнгөрсөн жилийн хувьд, хоёр тонн гаруй давс нөөцөлж авсан бөгөөд энэ нь өвлийг давахад хүрэлцээтэй байсан тул энэ удаа ч мөн тийм хэмжээний давс бэлдэх юм байна. Нөөцлөх давсыг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс  худалдан авахаар төлөвлөж байгаа гэж Хот тохижилт үйлчилгээний албаны дарга Д. Мөнхцоож хэлж байна.
 
T. Отгонтуяа
Холбоотой мэдээ