18-25 насны хэсэг залуус фэйсбүүкээр залилан хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-09 16:18:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 18-25 насны хэсэг залуус хоорондоо үгсэн тохирч, фэйсбүүкээр залилан хийснийг илрүүлжээ. Одоогоор энэ төрлийн хоёр хэргийг шалгаж байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, Хэрлэн сумын харьяат иргэн Т-ийн фэйсбүүк хаягийг ашиглан 2017 оны 10-р сарын 22-ны өдөр түүний найз болох О-ийн интернэт банкны дансыг ашиглаж, иргэн Д-ээс 99 мянган төгрөг, иргэн Э-ээс 150 мянган төгрөг залилсан байна. Түүнчлэн Хэрлэн сумын харьяат иргэн Э-рүү 2017 оны 10-р сарын 4-ний өдөр үл таних эмэгтэй залган Онон гэх найзынх нь нэрийг барьж 270 мянган төгрөг залилж авчээ.
Ард иргэдийг цахим орчинд үл таних хүнтэй харьцахгүй байх, бусдаас ирсэн мөнгө санхүүгийн хүсэлтэд анхаарал, сэрэмжтэй хандах, банкны мэдээллээ солилцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ